2025 оны дөрөвдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэлжээ.
Шалгалтыг нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Нийслэлд шалгалтыг арваннэгдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 1,503 иргэн бүртгүүлсэн бөгөөд өдөртөө таван ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх юм байна.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Төгсцэнгэл “Энэ улиралд улсын хэмжээнд 3,072 иргэн төрийн албаны шалгалтад бүртгүүлсэн байна. Төрийн албаны шалгалтын товыг зарлаж, бүртгэхээс эхлээд дүн гарах хүртэлх бүхий л үйл ажиллагааг цаг хугацаа, орон зай, хүнээс хамааралгүй болгож цахимжуулсан нь чухал шинэчлэл юм” гэв.
2025 оны I, II, III улиралд зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 5,488 иргэн бүртгүүлж, 3,750 иргэн шалгалт өгч, 1,667 иргэн тэнцэж, нөөцөд бүртгэгджээ. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 56 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлж, 28 иргэн тэнцсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!