Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өнөөдөр болж, хөрсний ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төслүүдийн хэрэгжилт, ажлын байруудад хиймэл оюун ухааныг ашиглах шаардлага үүсэж буй талаар хэлэлцжээ.
Есөн байршилд 102.72 километр үерийн хамгаалалтын даланг барих юм байна. Уг төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж байгаа бөгөөд төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлэх аж.
Нийслэл хотод баригдах үерийн далангуудын байршил:
Ирэх онд ус их тогтдог байршлуудад нийт 30 км борооны ус зайлуулах шугам угсарна. Ингэснээр үерийн эрсдэлийг бууруулж, хотын эко систем тэнцвэржиж, голын урсац тогтворжино гэж тооцоолжээ.
2025 онд 10 байршилд 16 км борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар найман байршилд 8.6 км авто замын борооны ус зайлуулах шугам хоолойг угсарчээ.
Харин хиймэл оюун ухааныг ашиглах тухайд хотын дарга Х.Нямбаатар "Сүүлийн жилүүдэд техник технологийн дэвшил хурдацтай өсөж, хиймэл оюун ухаан салбар бүрд их бага хэмжээгээр нэвтэрч байгаа. ААН, байгууллагууд хүн хүч ихээр шаардагддаг ажлын байранд хиймэл оюун ухаан ашиглаж дэвшил гаргамаар байна. Мэдээж бүх байгууллага AI ашиглах нь зарим зүйлд тохиромжгүй.
Google компанийг үүсгэн байгуулагч хүн сантехникийн слесарь, цахилгаанчин, гагнуурчин мэргэжлийг AI орлож чадахгүй гэж хэлсэн байсан. Туршлага хуримтлуулсан, өндөр мэргэжилтнүүд их цалин авна. Бичиг баримт боловсруулах, нэгтгэл гаргадаг ажил, албан тушаалтнуудыг хиймэл оюун ухаанаар орлуулна гэдгийг салбарын мэргэжилтнүүд ярьж байна.
НЗДТГ-ын захиргааны орон тоо, бүтцийг шинэчлэх асуудлыг дахин ярих шаардлагатай байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!