Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Оюутны Лиг (NCAA)-ийн "South Carolina Gamecocks" багт данстай Ш.Энхийн-Од өнөөдөр хоёр дахь тоглолтод оролцов.
Тэд "Southern Miss Golden Eagles" багийг талбайдаа хүлээн авч, нэмэлт цагт 83:79-өөр ялалт байгууллаа.
Талбайн эздээс Мийчи Жонсон 33 минут тоглохдоо 33 оноо авч багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Эли Эллис 20 оноо авчээ. Харин Ш.Энхийн-Од талбай дээр хамгийн олон буюу 37 минут гарахдаа 17 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна.
Ялангуяа нэмэлт цагт Майк эсрэг багаас бөмбөг "хулгайлаад" чухал хоёр оноо аваад зогсохгүй айлын тоглогчоос алдаа салгаж дөнгөсөн юм.
М.Жонсон 33 онооныхоо 14-ийг нь сүүлийн дөрвөн минут орчимд авчээ.
Зочин багаас Исаак Таверас 25 оноо, 8 самбар, Тайлик Уикс 20 оноо, 7 самбараас бөмбөг авч, багаа манлайлсан ч хожил авч чадаагүй юм.
Өмнөд Каролинагийн их сургуулийн баг улирлын эхний дөрвөн тоглолтоо талбайдаа хийх хуваарьтай. Орон нутгийн цагаар энэ сарын 13-нд "Presbyterian Blue Hose"-ийг хүлээн авах бол зургаа хоногийн дараа буюу 19-нд "Radford" их сургуулийн баг зочилж ирнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!