Уншиж байна ...

NTT Docomo хүний бие махбод, сэтгэл санааны зовлон шаналлыг тоон үзүүлэлтээр хэмждэг систем зохион бүтээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Японы үүрэн холбооны тэргүүлэх оператор NTT Docomo компани хүний бие махбод, сэтгэл санааны зовлон шаналлыг тоон үзүүлэлтээр хэмжиж, бусадтай хуваалцах боломж олгодог системийг хөгжүүлснээ мэдээлжээ.

Уг технологи нь үгээр илэрхийлэх аргагүй өвдөлтийн түвшнийг хүний тархины долгионыг хэмжих замаар тодорхойлдог юм байна.

Тухайлбал ходоодны өвдөлт, бэртэл гэмтлийн өвдөлт, мөн халуун ногоотой хоол идсэний, хүйтэнд даарсны мэдрэмж, бас гүтгэлэг, нэр төр гутаан доромжилсон үг хэллэгээс үүссэн сэтгэл санааны хямрал зэргийг хэмжиж чаддаг болсноо NTT Docomo компани мэдэгджээ.

зураг
 

Тус компани Японы Pamela Inc стартап компанитай хамтран энэхүү системийг хөгжүүлсэн бөгөөд нийтдээ 50 түвшний өвдөлтийг мэдэрч, бусдад дамжуулах чадвартай юм байна.

Өөрөөр хэлбэл энэ системд холбогдсон хүн бусдын өвдөлтийг бие дээрээ мэдэрч болох гэнэ.

Шинэ технологийг эрүүл мэндийн оношилгоо, асрамжийн үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, компьютер тоглоом зэрэг олон салбарт нэвтрүүлэх ирээдүйтэйг NTT Docomo мэдэгдэлдээ дурджээ.

Үүнээс гадна бусад хүмүүсийн төсөөлөхөд хэцүү сэтгэл санааны хохирлыг хэмжихэд, тухайлбал хэл амаар болон сошиал орчинд доромжлох, гүтгэх зэрэгт үүсдэг хор хөнөөлийг хэмжихэд ашиглах боломжтой гэж үзэж байна.

NTT Docomo 2030-аад оны үед зургаа дахь үеийн (6G) харилцаа холбооны технологийг нэвтрүүлэхдээ энэхүү шинэ системийг практик хэрэглээнд ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Kyodo News