Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кон Хи өчигдөр Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагатай холбоотой хүнээс хоёр ширхэг “Chanel” брэндийн гар цүнх авснаа анх удаа хүлээсэн ч энэ бэлэг ерөнхийлөгч нөхрийнх нь ажил үүрэгт нөлөөлснийг үгүйсгэжээ.
Лхагва гарагт өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан мэдэгдэлдээ тэр энэ бэлгийг Эв Нэгдлийн Сүмийн өндөр албан тушаалтан асан Ён Юн Хогийн бие төлөөлөгч гэгддэг Жун Сон Бэ гэгчээс хүлээж авснаа баталсан байна.
Гэхдээ үүний цаана ямар ч амлалт, гуйлт, хуйвалдаан байгаагүйг мэдэгджээ.
Харин Graff брэндийн 62 сая воны ($43,000) үнэтэй хүзүүний зүүлтийг бусдаас авлигад авсан гэх прокуроруудын дүгнэлтийг тэр няцаасан байна.
Энэ нь наймдугаар сард баривчлагдсанаасаа хойш тэргүүн хатагтай асан бусдаас тансаг эд бараа бэлэг болгон авснаа хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол болжээ.
Өмнө нь тэр хэзээ ч, хэнээс ч ийм зүйл авч байгаагүйгээ байцаалтын үеэр мэдүүлж байсан юм.
2022 онд түүнийг Эв Нэгдлийн Сүм байгууллагын хэрэгжүүлж буй төслийг засгийн газраар дэмжүүлэх амлалтын хариуд тус бүр найман сая, 12 сая воны үнэтэй хоёр ширхэг Chanel гар цүнх болон үнэт чулуун зүүлт авсан гэж сэжиглэж байгаа.
Тэргүүн хатагтайн туслах асан Юү Кюк Ок эдгээр цүнхнүүдийг өөр бараагаар солиулахаар Chanel брэндийн дэлгүүрт очсон нь мөрдлөгийн явцад тодорхой болжээ.
“Төрийн өндөр албан тушаалтны эхнэрийнхээ хувьд тэр үүнд илүү болгоомжтой хандах ёстой байсан. Тэрбээр олон нийтийн итгэлийг эвдсэн зохисгүй үйлдэлдээ гүнээ харамсаж, энэ талаар чин сэтгэлээсээ эргэцүүлэн бодож байгаа” гэж тэргүүн хатагтай асны өмгөөлөгчийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Үүнээс гадна мөрдөн байцаалтын үйл явц өмгөөлөгчийн оролцоогүйгээр олон цаг үргэлжлэх зэргээр зохих журмын дагуу явагдахгүй байгааг энэ мэдэгдэлд шүүмжилжээ.
Мөн тэргүүн хатагтай асан бусдаас авсан бэлгийнхээ хариуд ерөнхийлөгч нөхөртөө ямар ч хүсэлт уламжлаагүй, ерөнхийлөгчийн эрх мэдэлд нөлөөлөх ямар ч оролдлого гаргаагүйг баталсан байна.
“Эдгээр баримтууд нь авлига, хээл хахуулийн хуулийн заалтыг зөрчсөн ямар нэг үйлдэл гаргаагүйг баталж байна” гэж өмгөөлөгчийн мэдэгдэлд бичжээ.
Сөүл хотын цагдан хорих төвд хоригдож байгаа тэргүүн хатагтай асан Ким Кон Хи толгой эргэх, түгших, ой санамж муудах зэрэг эрүүл мэндийн асуудалтай тулгарсан үндэслэлээр батлан даалтад гаргах хүсэлтийг шүүхэд гаргаад байгаа.
Шүүх одоогоор түүний хүсэлтийг хэлэлцэх огноог товлоогүй байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!