Боловсролын сайд П.Наранбаяр болон УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг нараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
Багш, эмч нарын цалинг нэмэх асуудлаар тус байнгын хорооны даргын өрөөнд сайд нар уулзаж ярилцжээ. Ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс танаж, цалин нэмэх боломжийн талаар судалж байгаа аж.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр: Багш нарын цалинг нэмэхээр ажиллаж байна. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоонд хариуцлагатай байгаач гэж хэлмээр байна.
Ярилцаж хэлэлцсэн зүйл дээрээ бат зогсоод, цаанаа байгаа хүмүүстээ сайн ойлгуулаач. Д.Цогтгэрэл дарга удирдагч хүн шиг байгаач. Өчигдөр Ерөнхий сайдтай уулзуулаад, маш сайн тохиролцоонд хүрсэн боловч өнөөдрийн хэлэлцээ хүндрэлтэй явж байна.
Ирэх Даваа гараг гэхэд сургууль, цэцэрлэгийг оруулахгүй бол үүнээс илүүгээр нийгмийн амьдралыг царцааж болохгүй. Хүүхдүүдийн сурлагын хоцрогдол ноцтой болж эхэлнэ.
Багш нарын шаардлагыг маш сайн ойлгож байгаа. Гэхдээ төсвийнхөө хэрээр цалинг шийдэх хэрэгтэй гэдгийг ойлгох ёстой. Бид хамгийн сайн хувилбараар шийдэхийн төлөө ажиллаж байна.
Одоогоор багш нарын цалинг 30 хувиар нэмэх боломж байгаа. Гэхдээ үүнээс дээш хувиар нэмэх ямар боломж байна вэ гэдгийг хоорондоо ярилцаж байна. Үндсэн цалинг 3.5 саяд хүргэх оныг ойртуулахаар ярилцаж байна.
Өнөөдөр цалингийн бүтцийн 50 хувь нь үндсэн цалин, нэмэлт хөлс нь 50 хувь шахам болчихсон байгаа. Үндсэн цалин өсөөд байхаар цалингийн ялгаа улам нэмэгдэнэ. Нэмэгдэл сайтай багш нар илүү ихийг авна. Үндсэн цалин амьдралын баталгаа байх ёстой.
Тиймээс нэмэлт цалинг нэрлэсэн дүнгээр тооцож эхлэх нь зүйтэй юм. Тэгж эхэлбэл үндсэн цалинг нэмэх орон зай нь нэмэгдэнэ.
Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг: Одоогоор аль аль салбараас юуг танаж байгааг хэлэх боломжгүй. Төсвөө боож дуусаагүй байна. Засгийн газраас төсөв өргөн барьсны дараа цалин нэмэх асуудал орж ирлээ. Энэ нь төсөв дээр өндөр орон зай эзлэхээр байгаа. Тиймээс сайд нараас санал аваад байж байна.
Багш нарын шаардаж байгаа хэмжээгээр цалин нэмэх боломжгүй. Мөнгө хэвлэлтэй нь биш. Өмнө нь мэдээлж байсанчлан багш нарын цалинг он гараад 20 хувь, оны дундуур дахин 10 хувь нэмье, эмч нарын цалинг 15 хувиар, тэтгэврийг 8.6 хувиар, халамжийн тэтгэврийг 8.6 хувиар нэмье гэсэн. Энэ дээрээ л ажиллаж байна.
Үүнээс цааш нэмэхийн тулд Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна, нүүрсний хулгайтай тэмцэнэ, Оюутолгойтой хийх хэлэлцээрээ шуурхайл, үүний дүнд тулгуурлаж ирэх жил төсвийн тодотгол оруулж ир гэдэг чиглэл өгөгдөнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!