Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаад буй.
Уг дүгнэлттэй холбоотойгоор өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан маргаантай эхэлсэн.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Цэцийн дүгнэлтэд УИХ-ын чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны хуралдааныг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн өдрийн хуралдаан хүчингүй болсон. Гэтэл тухайн өдөр буюу аравдугаар сарын 17-ны нэгдсэн хуралдаанаар төсвийн хэлэлцүүлгийг явуулсан байдаг. Түүнээс үргэлжлээд энэ долоо хоногт байнгын хороодоор төсвийн хэлэлцүүлгийг явуулсан.
Өнөөдрийн хуралдааны эхэнд А.Ариунзаяа, П.Сайнзориг, Х.Баасанжаргал, О.Саранчулуун нар цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон хуралдаанаар хэлэлцсэн асуудал мөн хүчингүй болох уу эсвэл асуудлыг дахин хэлэлцэх үү гэдэг дээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгж байж хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг санал гаргасан. Гэвч хуралдаан даргалж буй Б.Пүрэвдорж дэд дарга цэцийн дүгнэлт нийт гишүүдэд бичгээр ирээгүй байна. Дүгнэлттэй танилцаагүй тул өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хуралдаан үргэлжилнэ гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар нэгэн анхаарал татсан асуудал хэлэлцсэн нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол байв.
Тус тогтоол нь Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хэлцэл хийх эрхийг Засгийн газарт олгох тухай юм.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсэг, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.а, 11.1.2.б, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Г.Занданшатар)-т даалгасугай.
1.1. Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулж, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах зарчмыг баримтлан, тухайн орд газруудыг урт, удаан хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулагч хуулийн этгээдүүдтэй хууль тогтоомжийн дагуу хэлцэл хийж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан төсөл, хөтөлбөрүүд болон эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
1.2. Энэ тогтоолын 1.1 дэх заалтыг хэрэгжүүлэхдээ урт хугацааны гэрээний үндсэн дээр иж бүрэн цогцоор нь ашиглах талаар олборлолт, тээвэрлэлт, экспортыг гүйцэтгэх хамтрагч, хөрөнгө оруулагчдад санал болгож, хэлцэл хийх замаар эргэлтэнд оруулах;
1.3.Энэ тогтоолын 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хэлцлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод нээлттэй, үр ашигтай хийх;
1.4.Тавантолгойн бүлэг ордын үйл ажиллагаанд олон улсын стандартыг нэвтрүүлж, үр ашгийг хөндлөнгийн олон улсын аудитын байгууллагаар хянуулж, тайлагнах зарчмыг тогтоох;
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.
Дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Х.Баасанжаргал нар асуулт асууж хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Эрх баригч намын хэрүүл, тэмцэл дунд нүүрс л яригдаад байна. Нүүрсний мөнгөн урсгалаа хэн хянах вэ, нүүрсний гэрээг хэн байгуулах вэ гэдэг тэмцэл л та нарын дунд явдаг юм байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хил холболтын гэрээ байгуулахдаа Тавантолгойн орд газрын Бор толгой, Онч хараа хэмээх хоёр шинэ орд дээр гэрээ байгуулах эрх авсан. Ямар гэрээ байгуулагдав, хэдээр нүүрсээ зарах болов гэж асуухаар хэлдэггүй.
Гэтэл Г.Занданшатарын Засгийн газар төсөв оруулж ирэхдээ мөн л дагалдуулаад Тавантолгойн асуудлаар тодорхой эрх шилжүүлж авах тогтоол оруулж ирж байна. Энэ тогтоолд “Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулагчтай хуулийн дагуу хэлцэл хийнэ” гэсэн байна. Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсэг гэж юуг хэлээд байна вэ.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд нийт 500 сая тонн орчим нүүрс экспортолсон. 46 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Үүнээс зөвхөн Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит компани 160 сая тонн нүүрс гаргаж, 36 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ 160 сая тонн нүүрсний гэрээг ил болгохыг Ерөнхий сайдаас шаардаж байна. Тиймээс төсөвтэй дагалдуулж оруулж ирсэн эрх авах гэсэн тогтоолыг гишүүдийг битгий дэмжээсэй гэж хэлье. Нүүрсний хулгайтай тэмцэх гэж байгаа юм бол шинэ гэрээ байгуулах эрх авч яах гэж байгаа юм.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал: Г.Занданшатарын засгийн газар Тавантолгойн бүлэг орд дээр хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулсан. Нэг хүн бус Бүрэн эрхт төлөөлөгчийн баг буюу зөвлөл байгуулаад яам болгоны төлөөллийг багтаасан. Үүний дүнд экспорт 1.8 дахин өссөн. Тавантолгойн ашиглагдаагүй байгаа хэсэг дахиад хулгай, дээрэмд өртчих вий, өмнөх шиг хэн нэгэн давуу байдлаа ашиглаад оролцчих вий гэдгээс болгоомжлоод олон улсын аудит оруулж байгаа. Шалгалт оруулж бодит дүгнэлт гаргаад, үүн дээр хэлэлцээр хийж, 34 хувийг баялгийн санд авах хэлэлцээр хийхийг үүрэг болгож, хамгаалж авах гэж байгаа юм. Түүнээс биш энэ тогтоолыг баталснаар гэрээ хийх гээд байгаа юм биш. Ингэж хамгаалахгүй бол ахиад хулгайд нэрвэгдэх вий гэдэг болгоомжлол байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсэг гэж яг алийг нь хэлээд байна вэ. Бор толгой, Онч хараа гэдэг ордууд яасан бэ.
Түүний энэ асуултад Н.Учрал сайд хариулт өгөөгүй учир Б.Жаргалан гишүүн дахин асуув.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Үүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар Бор тээгийн орд гэж өмнө нь тодорхой хэлсэн. Бор толгой, Онч хараа чинь Чайна Энержи рүүгээ явчихсан. Бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой нэг зүйл хэлье. Хэлцэл байгуулах гэдэг эрхэд гэрээ байгуулах эрх орно. Н.Учрал сайд Бор тээгийн орд эргэлтэд ороогүй гэлээ. Дагалдаж орж ирж байгаа тогтоолын төсөлд гэрээ байгуулах эрх ороогүй гэж худал хэлж байна.
Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал: Их хурлын тогтоол дээр хэлэлцээр хийнэ гэж байгаа. 34 хувь, бүтээгдэхүүн хуваах, АМНАТ-аар орлуулах эсэх асуудлыг зөвхөн Их хурал шийдвэрлэнэ. Эрдэнэс Тавантолгой дураараа гэрээ хийсээр байгаад нүүрсний сонсгол болсон. Их хурлын тогтоол хэлэлцээр хийнэ гэж байгаа. Гэрээ хийнэ гэж байхгүй.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Их хуралд оруулж ирсэн төсөл дээр хэлцэл хийнэ гэж бичсэн байна. Таны хэлээд байгаа шиг хэлэлцээр биш хэлцэл гэж бичсэн байна.
Хэлцэл гэдэг нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлнэ гэж хуульчилсан байгаа.
Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал: Хэлцэл хийснээр шууд хүчин төгөлдөр хэрэгжээд явахгүй. Бүх асуудал Их хурлаар батлагдана.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хэлцэл гэдгийн цаана гэрээ байгуулах эрх байгаа. Та нар гэрээ байгуулах эрхийн Г.Занданшатарт олгуулах гээд сууж байна. Тэгсэн хэр нь гэрээ биш гэж тайлбарлаад байх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!