ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дашпүрэв: Өнөөдөр 3,700-4,000 тонн АИ-92 бензин орж ирж байгаа. Үнэ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр 62 вагон цистерн орж ирж байгаа бөгөөд үнэ өөрчлөгдөхгүй гэж Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээллээ.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "АҮЭБЯ болон Ашигт Малтмал Газрын Тосны Газрын холбогдох албан тушаалтнууд ОХУ-д ажиллаж, тогтмол үнээр АИ-92 бензин авах хэлцэл хийсэн. Үнийн хувьд хөдлөхгүй гэсэн үг. Мөн БНХАУ-аас нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд урд хилээр орж ирэх бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэнэ.

ОХУ дайны нөхцөл байдалтай, олон үйлдвэр нь дроны довтолгоонд өртсөн, дотооддоо 20 хувийн дутагдалтай байгаа. Ийм нөхцөл байдлыг бид бүхэн ойлгож хүлээж авах хэрэгтэй. Өнөөдөр 62 вагон цистерн АИ-92 орж ирнэ. Нийтдээ 3,700-4,000 тонн.

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд жин тоннын хязгаарлалт, өдрийн цагаар явуулахгүй зэрэг олон зохицуулалтыг Автотээврийн газраас хийдэг. Иймд тусгай хамгаалалтын дор хангалтыг сайжруулах, хил гаалийн ажилтнууд илүү цагаар ажиллах, хэмжилт хийх хөндлөнгийн байгууллагыг мөн илүү цагаар ажиллуулах гэх зэргээр түргэн шуурхай ажиллаж байгаа. Мөн Улаанбаатар Төмөр Зам сэлгээний болон татан авалтад онцгой анхаарч байгаа" гэлээ.