Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөл болох парламентын гишүүд орхин гарчээ.
Хуралдааныг орхин гарсан шалтгааны талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал дараах мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Бидний гаргасан бүх хүсэлт, гомдлыг огт хэлэлцсэнгүй. Ийм учраас өнөөдрийн маргаан шийдвэрлэж байгаа ажиллагаа нь маргалдагч нэг тал эрх ашгаа хамгаалах ямар ч боломжгүй, мэтгэлцээн өрнүүлэх ямар ч боломжоор хангахгүй үргэлжилж байна.
Хүсэлт гаргахаар хуралдаан товлосноос хойш гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Гэтэл хуралдааныг Даваа гарагт товлосон. Хэргийг Пүрэв гарагт үүсгэсэн буюу бидэнд Баасан гарагт мэдэгдсэн. Баасан гарагт чуулганы хуралдаантай байдаг. Долоо хоногийн эхний өдөр Их суудлын хуралдаанаа зарласан. Энэ хооронд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдоогүй байсан. Миний хувьд материалтай танилцаад хүсэлт гаргах ямар ч боломжгүй байсан.
Үндсэн хуулийн цэц хэрэг маргаанд оролцож талд эрх ашгаа хамгаалах бололцоог олгохгүй, олгохыг хүсэхгүй байна.
Мөн Үндсэн хуулийн цэцийн дарга дангаараа хариулж өгч байсан.
Хоёрдугаарт, онцгой нөхцөл байдал, нэн яаралтай шийдвэрлэх ёстой асуудал учраас хуралдааныг зарласан гэдэг тайлбарыг өгсөн. Монгол Улс 1992 оноос хойш 34 дэх Ерөнхий сайдынхаа огцрох асуудлыг шийдэж байгаа. Анх удаа огцруулж байгаа явдал биш. Гэтэл өмнөх тохиолдлууд дээр Үндсэн хуулийн цэц хэзээ ч онцгой нөхцөл байдал гэдэг шийдвэр гаргаж байгаагүй.
Хуульд "Онц байдал, дайны байдал зарласан үед гурав хоногийн дотор шийднэ. Бусад тохиолдолд хуралдаан болох талаар олон нийтэд 7-гоос доошгүй хоногийн өмнө зарласан байх ёстой" гэж заасан байдаг. Ийм алдаануудыг цэц өөрөө гаргаж байна.
Гуравдугаарт, хуралдаан нээлттэй байх ёстой байсан. Гэтэл цэцийн дарга хуралдааны нээлт, хаалтыг л нээлттэй шууд дамжуулна гэсэн. Тэгвэл энэ нь нээлттэй байдал болж чадах уу.
Цэцийн тухай хуульд оролцогч талууд хуралдааныг орхиж гарсан үед цэцийн бүрэлдэхүүн хурлаа түр завсарлуулаад үргэлжлүүлэх эсэхээ шийдэх ёстой. Одоогийн байдлаар хурал үргэлжилж байна.
Үндсэн хуулийн цэц өөрөө ингэж хууль зөрчиж байгаа учир бид хуралдааныг орхин гарсан" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!