Уншиж байна ...

Ж.Батжаргалын удирдаж буй МАН-ын бүлэг 2026 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.22/ хуралдаан гишүүдийн 51.7 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Байнгын хороо шаардлагатай бол хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг дангаар буюу хамтран байгуулж, энэ асуудлаар Байнгын хорооны тогтоол гаргана.” гэж заасны дагуу ажлын хэсэг байгуулахаар болсныг танилцуулав.

Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий гэсэн хоёр ажлын хэсэг байгуулахаар болсныг мэдэгдлээ.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Монгол Улсын төсвийн тухай хуулийн төслүүд болон дагасан хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг тус тусад нь байгуулахаар дүгнэлтүүд нь уялддаггүй гэдгийг тэмдэглээд иймд санал, дүгнэлтүүдийг нэгтгэх боломжтой эсэхийг тодруулж, хариулт авлаа.

зураг
 

Ингээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Д.Батбаяр, Р.Батболд, Х.Жангабыл, Д.Жаргалсайхан, Б.Заяабал, П.Мөнхтулга, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.

Мөн Монгол Улсын 2026 онд төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн  Д.Үүрийнтуяа ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бадамсүрэн, Г.Ганбаатар, Ж.Баясгалан, Д.Лувсанжамц, З.Мэндсайхан, Дав.Цогтбаатар, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.

зураг