Шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар Засгийн Газраас гаргасан шийдвэрийг өнөөдөр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Тэрбээр "Сүүлийн үед зохиомол шатахууны хомсдолтой тулгараад байна. Ердийн үед Улаанбаатар хотын иргэд өдөрт 900 - 1,200 тонн шатахуун хэрэглэдэг. Одоогийн байдлаар шатахуун импортлогчид өдөрт 1,800 тонныг нийлүүлж байгаа ч урт дараалал үүсээд байна.
Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Эхнийх нь манай улсын нийт шатахууны 92 хувийг хангадаг ОХУ дайн байлдааны нөхцөл байдлаас шалтгаалаад одоогийн байдлаар 22 нефтийн үйлдвэр нь цохилтод өртөж мэдээлэл бидэнд ирсэн. Ингэснээр тус улсын нийт шатахууны үйлдвэрийн 30-40 хувь нь доголдолд орсон гэж харж байна.
Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Засгийн газраас он дуустал АИ92 шатахууны нийлүүлэлтийг хязгаарласан.
Монгол Улсын хувьд Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хямд нөхцөлөөр шатахуун авах гэрээтэй. Энэ гэрээнийхээ дагуу зөвхөн аравдугаар сард 58 мянган тонн АИ92 бензинийг "Роснефть" компаниас, үлдсэнийг нь "Газпром" болон БНХАУ-аас авахаар төлөвлөсөн.
Бидний гол нийлүүлэлтийг хангадаг аж ахуйн нэгж болох Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн жил болгон явагддаг ээлжит засвар энэ сарын 15-ны өдөр дууссан. Үүнээс хойш үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч амжаагүй байгаа учраас бидэнд нийлүүлж буй бүтээгдэхүүний хэмжээ багассан.
Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхий сайдтай холбогдсон.
Миний хувьд тус улсын Эрчим хүчний яамтай холбогдож мэдээлэл авсан. Шадар сайд бас Засгийн газрын хоорондын комиссын хүрээнд Байгалийн нөөцийн сайдтай холбогдоод шатахууны тээвэрлэлт, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар гэрээнийхээ дагуу явах хүсэлт гаргасан.
Одоогийн байдлаар АИ92 бензиний нийлүүлэлт ердийн хэмжээндээ байгаа. Иргэддээ уриалахад банкаа дүүргэлгүйгээр хэвийн хэрэглээд явбал бидэнд асуудал гарахгүй. Иргэдийн дунд шатахууны хэрэглээ хоёр дахин өссөн. Үндсэндээ 2,000 тонн шатахууныг өдөрт нийлүүлж байхад ховх сорогдоод алга болчхоод байна.
Тиймээс Улаанбаатар хотод шатахуун хязгаартай олгож байгаа бол орон нутагт ямар нэг хязгаарлалт хийгээгүй.
Ард иргэд маань үүнийг ойлгож, хэвийн хэмжээнд хэрэглээнд явбал байдал тогтворжино.
БНХАУ-аас бид сардаа 3,000 гаруй тонн АИ92-ын евро 5 стандартын шатахуун авдаг. Энэ сард 7,000 тонныг захиалсан. Гэвч энэ шокноос болж хүрэлцэхгүй талдаа болсон тул нэмж 14,000 тонныг авахаар гэрээ хэлцэл хийгээд эхэлсэн.
Өчигдөр БНХАУ-ын Элчин сайдтай энэ асуудлаар уулзахад тээвэр болон бусад асуудлаар бүрэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!