Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдын томилолтын зардлын 80 хувийг үүрэг гүйцэтгэсэн хүндээ, 20 хувийг нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Өмнө нь 70 хувь нь үүрэг гүйцэтгэсэн хүнд, 30 хувь нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байсан аж.
Ингэснээр энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчийн нийгмийн асуудалд томоохон ахиц гарна. Бүтэн жилийн хугацаанд алс газарт үүрэг гүйцэтгэж ирсэн алба хаагчдад 6 сая орчим төгрөгийн нэмэлт томилолтын зардал очиж байгаа юм гэдгийг Батлан хамгаалахын сайд Д.Батлут онцоллоо.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд анхны цэргийн багийг 2005 онд Сьерра Леон Улсад явагдсан ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлж, улмаар Чад-Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Судан Улсын Дарфур мужид явагдсан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад оролцож, үүргээ амжилттай биелүүлж иржээ. 23 жилийн хугацаанд манай улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд давхацсан тоогоор 23 мянга орчим цэргийн алба хаагч ажилласан байна.
НҮБ-аас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад олгох нөхөн төлбөрийг тухайн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч нэг бүрээр тооцон цэрэг хандивлагч орны Засгийн газарт олгодог аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!