Уншиж байна ...

Амь тавьж буй парламентын ардчиллын сүүлийн өдрүүд

Редакцын бус нийтлэл
2025 оны 10 сарын 22
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн хоёр өдрийн турш улстөрд хүний санаанд багтамгүй цочирдом зүйлс өрнөж байна. Засгийн газарт хариуцлага тооцсон УИХ-ын тогтоолд Монгол улсын Ерөнхийлөгч түүхэндээ анх удаа хориг тавьчихлаа. Төрийн тэргүүний хориг Үндсэн хуулиндаа “парламент бол ардчилсан Монголын оройн дээд засаглал” гэж тунхагласан 33 жилийн түүхэнд цор ганц тохиолдол болж, олны нүдийг орой дээр нь гаргаатхав.

Шүүх засаглал номер нэгийн мэдэлд байдгийг бултаараа мэднэ. Гэтэл мань эрийг “гүйцэтгэх засаглал, цаашлаад парламентыг өөрийнхөө мэдэлд байлгах нь” гэж хардахуйц улстөрийн нүүдлүүд нүдэн дээр өрнөж эхэллээ. Учир мэдэх хүмүүст яг ийм айдас төрөөд удаж буй. Гэтэл тэдний айдас нүдэн дээр биежиж, Монгол даяараа төрийн ордны зүг айдастай харцаар ширтэж байна. Энгэртээ нааж, элгэндээ тэврэх учиртай парламент УИХ-ын 71 гишүүн Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахгүй гэсэн байнгын хорооны шийдлийг дэмжихгүй гээд кнопдсоноос өнөөдрийн “их улстөржилт” эхэлсэн юм.

Уг нь Үндсэн хууль болоод хууль дэгийн дагуу болсон процесс л доо. Өмнөх Засгийн газруудыг ч яг энэ жишгээр огцруулж байв. Гэтэл номер нэг “Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжихгүй гэж кнопдоод Г.Занданшатарын засгийг огцруулсан нь буруу” гэх маягийн шалтаг тоочиж хориг тавьж олныг ангайлгаатахлаа. Зүй нь УИХ-ын олонх буюу 71 гишүүн Засгийн газрыг огцруулъя гэж кноп дарсан нь цэцэрлэгийн хүүхэд ч ойлгох энгийн логик. Ийм энгийн логикийг эрдэмтэн доктор гэсэн цолтой МАН-ын хуучцуул, АТГ-ын сейфэнд кнопоо хадгалуулсан гишүүд, суудалдаа хоргодсон экс сайд нар илтэд мушгиж, “Үндсэн хууль зөрчсөн” гэх сүржин үгтэй даржин тайлбарыг сошиалаар сэвүүлж байна.

“Худал үгийг мянга давтахад үнэн болно” гэдгийн үлгэрээр өнөө худал тайлбар нь фэйсбүүк, Х-ээр шагайх төдийд нүдэнд торох нь даажаантай. Үндсэн хуулиа сөхье. 43 дугаар зүйл дээр “Нийт гишүүдийн олонх” гээд заачихаж. 126-гийн олонх гэдэг нь 64. Г.Занданшатарын Засгийн газрыг унагах кнопыг 71 гишүүн дарсан. 71 гэдэг бол олонх шийдвэр гаргасныг илэрхийлэх тов тодорхой тоо. Байнгын хорооны саналын томьёолол өөрчлөгдсөн бол үр дүн өөр гарна гэсэн хэн ч итгэхгүй шалтгаан тоочих гэв үү, эсвэл УИХ-ын гишүүдийг саналын томьёолол ч ойлгохгүй элий балай нөхөд гэж тохуурхав уу. Цаад шалтгааныг нь яаж ч бодоод олж чадсангүй. Ийм илтэд ойлгомжтой үнэнийг нөгөө талаас нь ойлгомжгүй болгож тайлбарлаж буй нь асуудал Үндсэн хуулинд бус өөр зүйлд бийг илтгэж байна. Тэр өөр зүйл нь хэмжээлшгүй эрх мэдлийн шунал, төрийн бүх эрхийг нэг гарт төвлөрүүлж хаан болох ашиг сонирхол, засгийн эрх мэдлээр залуусыг дарах бодлого гэж харагдаад байна. Хүний шуналд хязгаар гэж үгүй. Хүн төрөлхтний түүхэнд үлдсэн бүх дарангуйлагч өөрсдийгөө дарангуйлагч болно гэж бодож байгаагүйг намтраас нь харчихаж болно. Тэд “улс орноо сайхан болгоно” гэсэн гоё шошготой ягаан шил зүүчихээд дарангуйлагч болох зам руугаа чив чимээгүй гулссан байдаг юм. Эрх мэдэл, эд баялгийн захаас атгахаараа бүр илүүг хүсдэг нь хүний мөн чанар учраас дарангуйлагчдын энэ эндүүрлийг буруутгахад бас хэцүү.

Хүн төрөлхтний түүх “дарангуйлагч” хэмээх энэ ээдрээт жимийг цус, нулимс, үхэл хагацлаар давж туулсны эцэст ардчилал гэх системийг бодож олсон юм. Тиймээс л эрх мэдлийг хэзээ ч нэг гарт төвлөрүүлэх учиргүй юм. Иймээс л боддог, ухдаг, сэтгэдэг хүн бүр ардчиллыг элгэндээ нааж энгэртээ тэврэх ёстой юм. Шуудхан хэлэхэд бүсдээ цор ганцаар ардчиллын баян бүрд гэгддэг Монгол ардчилсан системээ хамгаалж тэмцэхгүй бол өнгөрсөн рүүгээ, өнөө үй олноор нь хэлмэгдүүлж цаазалдаг цаг руугаа “марш”-лах гээд байна. Үг хэл, үзэл бодлоо хэлж чаддаг, итгэл үнэмшилтэй оршиж чаддаг, ажиллаж зүтгэснийхээ хэрээр сайхан амьдарч чаддаг, ард түмнээс сонгогдсон гишүүд нь олонхийнхоо саналаар асуудлыг шийддэг чин шударга ардчилсан систем маань нурж унахад ойрхон болсныг номер нэгийн хориг бидэнд сануулчихлаа.

Хатуухан хэлэхэд Монгол улсын хууль Г.Занданшатарт тусгай зориулалтаар үйлчилж, бусдад нь түүнээс өөрөөр үйлчилдэг байх нь Үндсэн хуулийн хамгийн том зөрчил юм. УИХ алга хавсарч, өвдөг сөхөрч болохгүйн учир Монгол улс ардчилсан засаглалтай, парламент нь бүгдийг шийддэг тогтолцоотой орон. Гэвч бүхний дээр байх учиртай УИХ-ын гишүүд гүйцэтгэх засаглал болоод дээр суугаа ганц хүний халаасанд орсон нь олон кейсээс тод харагдав.

Онцгой жишээ нь Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах чуулганы хуралдаан. Үдэш шөнөөс үүр гэгээрэх хүртэл ирцээ бүрдүүлэх гэж дөрөвхөн гишүүнийг хүлээсэн чуулганы хуралдааныг монголчууд анх удаа харав. Нэг хэсэг нь Г.Занданшатарыг засгаас унагах кноп дарвал АТГ-ын араанд зуугдана гэж айсан, нөгөө зарим нь номер нэгийн буянаар парламентад орж ирсэн, үлдсэн цөөн нь сайдын суудалдаа хоргодсон нөхөд байсныг хэвлэлүүд дуу дуугаа аван мэдээлцгээсэн. Зүй нь УИХ-ын гишүүний суудал гэдэг энэ мэт яль шаль шалтгаанаас болж дальдчих учиргүй алба юм.

Парламент бол Засгийн газарт хариуцлага тооцдог, хууль тогтоодог төрийн эрх баригч дээд байгууллага. Ардчилал, эрх чөлөөний амин сүнс. Английн Ерөнхий сайд асан Уйнстон Черчилийн “Ардчилал бол хүн төрөлхтний өнөөхөндөө бодож олсон хамгийн шилдэг засаглал” гэсэн алдартай эшлэл бий. Англи, Америк, Солонгос гээд дэлхийд хөгжлөөрөө цойлж яваа улс бүр ардчилсан засаглалтай нь цаанаа ийм учиртай.

Тэгвэл дэлхийн мундаг орнуудын оройдоо залсан ардчиллын амин сүнс, оройн дээд шүтээн нь ерөөсөө л парламент. Саяхан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч улсдаа онц байдал тогтоож, ганцаар ноёрхох хүслээ биелүүлэх гэж оролдоод яалаа. Тэр үед Солонгосын парламент, солонгосчууд яасан билээ. Парламентын гишүүд нь унтлагын хувцастайгаа төрийн ордон руугаа гүйлдэж, солонгосчууд хуйгаараа зэвсэглэсэн армийг сөрж гишүүдээ төрийн ордон руу ороход нь тусалсан. Одоо тэд Ерөнхийлөгчөө ялтны ширээний ард суулгаад, ардчилалд учруулсан илт заналхийллийнх нь төлөө шүүж байна. Дөнгөж өнгөрсөн зуунд туулсан гашуун зовлонгоо мартаагүй учраас солонгосчууд төрийн тэргүүнийхээ ганцаар ноёрхох хүслийн эсрэг эрс шийдэмгий боссон хэрэг.

Бидэнд ч тийм гашуун түүх бий. Өнгөрсөн зууны гуч, дөчөөд оны их хядлагаар хүнээ цаазлуулаагүй монгол айл үгүй. Ганц хүний дарангуйлалд аж төрж явсан учраас бид ийм зовлон туулсан юм. Парламентын засаглал үнэтэй, хайрлах учиртай гэж онцлоод байгаагийн цаад учир нь ерөөсөө л энэ.

 

Эх сурвалж: "Өдрийн сонин"