ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны эхний есөн сард нүүрсний экспортын биет хэмжээ 1.4 сая тонноор нэмэгдсэн нь хилийн дундаж үнэ $45-аар буурав

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс 2025 оны эхний есөн сард нийт 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.2 тэрбум ам.долларт хүрчээ.

Үүнээс:

  • экспорт 10.7 тэрбум ам.доллар,
  • импорт 8.5 тэрбум ам.доллар байна.

Гадаад худалдааны тэнцэл 2025 оны эхний есөн сард 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх оны мөн үеэс 1 тэрбум ам.доллар буюу 31.5 хувь буурав.

Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллар, импорт 77.1 сая ам.доллароор тус тус буурчээ. Харин есдүгээр сард экспорт өмнөх сараас 142.6 (10.1%) сая ам.доллар, импорт 65.9 (6.6%) сая ам.доллароор тус тус өссөн байна.

зураг
 

Экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор буурахад нүүрсний экспортын орлого 2.7 тэрбум ам.доллар буюу 39.7 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Хэдийгээр нүүрсний экспорт биет хэмжээгээрээ 1.4 сая тонноор өсөж, 62.6 сая тоннд хүрсэн ч нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 45 ам.доллароор буураад байгаа юм.

Харин зэсийн хүдэр баяжмалын үнэ өмнөх оны мөн үеэс 1.7 тэрбум ам.доллар буюу 74.2 хувиар өссөн. Биет хэмжээгээр 39 хувиар буюу 461 мян.тн-оор өсөж, энэ оны эхний есөн сард 1.6 сая тн-д хүрэв. Хилийн дундаж үнийг авч үзвэл зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 452 ам.доллароор тус тус өсжээ.

Түүнчлэн алтны үнэ 2025 оны эхний есөн сард унци тутамд 783 ам.доллароор өсөж, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 9.5 ам.доллароор буурсан байна.

Экспортын бүтцэд дийлэнх хувийг эзэлж байгаа бүтээгдэхүүнийг дурдвал,

  • эрдэс бүтээгдэхүүн 86.8 хувийг,
  • үнэт чулуу, металл гоёлын зүйлс 6.6 хувийг,
  • үндсэн төмөрлөг 1.3 хувийг эзэлж байгаа нь нийт экспортын 94.7 хувийг эзэлж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.