АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Венесуэл улсын нутаг дэвсгэрт ажиллагаа явуулах зөвшөөрлийг Тагнуулын Төв Газарт (CIA) өгснөө хүлээн зөвшөөрчээ.
Өнгөрсөн хугацаанд АНУ-ын тэнгисийн хүчнийхэн Карибын тэнгист хар тамхи тээвэрлэж явсан таван хөлгийг устгаж, нийтдээ 27 хүний амийг хөнөөгөөд байгаа.
НҮБ-аас томилогдсон хүний эрхийн шинжээчид энэхүү ажиллагааг “шүүхээс гадуур цаазаар авах ажиллагаа” гэж дүгнэсэн юм.
Өчигдөр Цагаан ордонд үг хэлэхдээ Трамп ойрын үед Венесуэлд “хуурай газрын ажиллагаа” явуулахаар төлөвлөж буйг мэдээлжээ.
Нью-Йорк Таймс сонинд өмнө нь нийтлэгдсэн тагнуулын үйл ажиллагааны тухай мэдээний талаар сэтгүүлч лавлахад Трамп “Би хоёр шалтгаанаар ийм зөвшөөрөл өгсөн. Нэгдүгээрт, тэд (Венесуэл) АНУ руу гэмт хэрэгтнүүдээ илгээж, шоронгуудаа хоосолсон. Тэд бас хар тамхи цутгаж байгаа нь бас нэг шалтгаан. Манайд Венесуэлээс маш их хар тамхи ирдэг. Ингэхдээ усан замаар ирдэг. Тэнд юу болж байгааг та нар мэднэ. Гэхдээ бид бас тэднийг хуурай газарт зогсоох ёстой” гэж хариулжээ.
Ихэнхдээ маш нууц байдаг тагнуулын үйл ажиллагааны талаар АНУ-ын зэвсэгт хүчний ерөнхий командлагч ийнхүү ярьсан нь маш ховор тохиолдол юм.
Тагнуулын Төв Газрын ажиллагаа Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог унагах зорилготой эсэхийг асуухад Трамп “Энэ асуултад би хариулах нь зохимжгүй биш гэж үү?” гэж хариулжээ.
Өчигдөр Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро нийслэл Каракасын захын дүүрэгт болон хөрш Миранда мужид байлдааны сургуулилалт эхлүүлэх тушаал өгсөн байна.
Тэрбээр Телеграм хуудсандаа Венесуэлийг хамгаалахын тулд зэвсэгт хүчин, цагдаа, иргэний зэвсэгт байгууллагуудыг байлдааны бэлтгэл сургуулилалтад дайчилж байгааг тайлбарлажээ.
Ингэхдээ Мадуро бас АНУ-ын засаг захиргаа улс оронд нь төрийн эргэлт зохион байгуулахаар санаархаж буйг шүүмжилсэн байна.
Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригес өчигдөр телевизээр үг хэлэхдээ мөн л АНУ-ын бодлогыг ширүүн шүүмжилжээ.
“Энд эх орноо ямар ч тохиолдолд хамгаалах Симон Боливарын ард түмэн хүлээж байгааг тэд мэддэг тул түрэмгийлэл үйлдэхийг нь хэрхэвч зөвшөөрч болохгүй” гэж Родригес ард түмэндээ анхааруулсан байна.
Венесуэлийн дотоод хэргийн сайд Диосдадо Кабелло газрын тосны асар их баялгийг нь АНУ дээрэмдэх санаатай байгаа талаар хэвлэлд ярьжээ.
Харин АНУ-ын албаныхан Нарны Картел гэгддэг хар тамхины гэмт хэргийн байгууллагыг Мадуро болон Венесуэлийн зэвсэгт хүчний оролцоотой үйл ажиллагаа явуулдаг гэж буруутгадаг.
Ийм үндэслэлээр Мадурог баривчлахад тусалсан хүнд $50 саяын шагнал амлаад байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!