Одесса хотын захирагч Геннадий Трухановын иргэний харьяаллыг цуцлах шийдвэрийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр гаргажээ.
Хотын захирагч давхар ОХУ-ын иргэн байсныг Украины аюулаас хамгаалах албаныхан илрүүлсний дараа ийм арга хэмжээ авсан юм байна.
Труханов Оросын паспорттой байснаа няцааж, шүүхэд хандахаа мэдэгджээ.
Украин улсын хуулиар тус улсын иргэд ОХУ-ын давхар иргэн байхыг хориглодог юм байна. Труханов нь тус улсын хамгийн том боомт Одесса хотын захирагчаар 2014 оноос хойш ажиллаж байжээ.
Украины аюулаас хамгаалах алба СБУ өөрийн сошиал сувагт Трухановын нэр, гэрэл зураг бүхий ОХУ-ын паспортын гэрэл зургийг нийтэлсэн байна.
Труханов нь бас 2017 оноос хойш төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт шалгагдаж байжээ.
Албаны эх сурвалжуудын мэдээлснээр Зеленский өчигдөр бас өөр хоёр хүний иргэний харьяаллыг цуцлах шийдвэр гаргасан байна.
Украины үндсэн хуулиар ийм эрх зөвхөн ерөнхийлөгчид олгогдсон байдаг.
“Зарим хүмүүсийн ОХУ-ын иргэний харьяалал батлагдсан тул тэдэнтэй холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Зарлигт гарын үсэг зурсан” гэж Зеленский тодорхой нэр дурдалгүйгээр сошиал хуудсандаа бичжээ.
Одесса хотын сөрөг хүчний хууль тогтоогч, Зеленскийн шүүмжлэгчдийн нэг Алексей Хончаренко өчигдрийн шийдвэрийг буруушааж байгаагаа мэдэгдсэн байна.
“Өнөөдөр бид Трухановыг шийтгэж болно. Тэр буруутай тул бид баярлацгааж болно. Гэхдээ маргааш энэ хэлмэгдүүлэлтийн машин гэмгүй хүмүүсийн эсрэг ашиглагдаж болох юм” гэж тэр сошиал хуудсандаа анхааруулан бичжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!