Apple компанийн гүйцэтгэх захирал асан Жон Скалли өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотод болсон арга хэмжээнд оролцохдоо хиймэл оюуны технологийн OpenAI компанийг олон арван жилийн дараа гарч ирсэн Apple-ийн “жинхэнэ өрсөлдөгч” гэж тодорхойлжээ.
Хиймэл оюуны технологийн өрсөлдөөн сүүлийн жилүүдэд эрчимжиж, OpenAI, Google, Microsoft, Amazon, Meta зэрэг компаниуд уг өрсөлдөөний тэргүүн эгнээнд явж байгаа.
Харин Apple компанийн хувьд энэ тал дээр харьцангуй хоцорч яваа гэж мэргэжилтнүүд үздэг.
Тус компани Siri хувийн туслагчдаа хиймэл оюуны технологи нэвтрүүлэх төлөвлөгөөг энэ оны эхээр зарласан ч хэрэгжих хугацаа нь хойшлогдоод байгаа.
Скалли нь 1983-1993 онуудад Apple компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн юм.
Энэ үедээ тэр өмнө нь Pepsi Cola компанид ажиллаж байсан туршлага дээрээ үндэслэн Mac компьютерын брэндийг зах зээлд байршуулах ажлыг удирдаж байжээ.
Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс агсантай тэр нэлээд хурцадмал харилцаатай байв.
Жобс 1985 онд Apple-аас гарч, 1997 онд буцан ирж байсан юм.
“Агентын эрин үед бидэнд ийм олон аппликэйшн хэрэггүй. Тэдгээрийг бүгдийг ухаалаг агентаар орлуулах боломжтой” гэж Скалли чуулганы үеэр хэлжээ.
Агент гэдэг нь хүний өмнөөс нарийн төвөгтэй ажлуудыг гүйцэтгэх чадвартай хиймэл оюунт платформуудын ерөнхий нэр бөгөөд үүний нэг тод жишээ бол OpenAI компанийн бүтээгдэхүүн ChatGPT юм.
Apple компанийн одоогийн гүйцэтгэх захирал Тим Күүк удахгүй тэтгэвэртээ гарч магадгүй гэсэн яриа гараад байгаа.
Түүнийг залгамжлах хэн ч байсан Apple компанийг аппликэйшний эрин үеэс агентын эрин үед шилжүүлэх ёстой гэж Скалли үзэж байна.
Apple компанийн ерөнхий дизайнер, Стив Жобсын хамтрагч байсан Жонни Айвын үүсгэн байгуулсан компанийг OpenAI энэ оны эхээр $6 тэрбум гаруйгаар худалдаж авсан билээ.
“Тэр бол iMac, iPod, iPhone, iPad зэрэг бүтээгдэхүүнүүдийн дизайныг зохиосон хүн. Хэрвээ хэн нэгэн энэ жишгийг LLM (Large Language Model) орчинд авчрах ёстой бол тэр нь Жонни Айв байх болов уу” гэж Скалли түүний талаар дүгнэжээ.
Одоо 86 настай Жон Скалли технологийн маркетингийн Zeta Global компанийг үүсгэн байгуулалцаж, дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан юм.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!