Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхлэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрыг огцруулах асуудлаар өөрийн албан бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдэгдлээ. 

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хууль, парламентын засаглал руу халдаж, нийгмийг эмх замбараагүй байдалд турхирч байгаа учраас Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах нь зүйтэй. Бодит байдал дээр экспортын орлого огцом унаж, валютын нөөц хасах дүн рүү орсон. Тиймээс Эрдэнэс Таван толгойг түшиглэж нэг тэрбум ам.долларын оффтэйк гэрээг дахин шинээр байгуулах гэж байна. Энэ нэг тэрбум ам.долларыг улсын төсөвт нууц оруулж ирсэн. 

Хоёрдугаарт, Эрдэнэс Тавантолгой компанийн худалдан авах журамд өөрчлөлт оруулсан. Үүнийг Чалкогоос зээл авах зорилготойгоор сэдэж байх шиг байна" гэв. 

Тэрбээр бланк дээр нь Засгийн газрыг огцруулахыг дэмжин гарын үсэг зурсан гишүүдийн тоог хэлээгүй бөгөөд өнөөдөр зарим гишүүнтэй уулзаж, албан бичгийн зорилгоо тайлбарлаад, маргааш УИХ-д өргөн барина гэв. 

Мөн түүний санаачилгад намынх нь гишүүдээс гадна Ардчилсан Нам, Үндэсний эвсэл, Хүн Нам, Иргэний Зориг Ногоон намуудын төлөөлөл гарын үсэг зурсан гэв.    

Засгийн газрыг огцруулахын тухайд Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: 

Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно гэж заасан байдаг. 

Дээрх заалтаар УИХ-ын 32-оос дээш гишүүний гарын үсэг бүрдсэн тохиолдолд огцруулах асуудлыг өргөн мэдүүлэх боломжтой болно. Харин тухайн өргөн мэдүүлсэн асуудлыг нийт гишүүний олонх буюу 64-өөс дээш гишүүн дэмжсэн тохиолдолд Засгийн газрыг огцорсонд тооцох юм.