Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нөөцтэй холбоотой асуудлаар өнөөдөр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийлүүлэлт хэвийн явж байна. Түгээлтийн асуудал байгаа. Баруун аймгуудад Евро 5 стандартын шатахуун нийлүүлэгддэг. Энэ нийлүүлэлт нь хязгаарлалтад орсон учир бага зэргийн тасалдал үүсэж байгаа. Гэхдээ нийлүүлэлт нь хэвийн явна. Бүх чадлаараа ажиллаж байгаа.
Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монгол Улс савны нөөцөө нэмэгдүүлэхэд бодитой хөрөнгө оруулалт нэг ч удаа гаргаж байгаагүй юм билээ. Бид ирэх оны улсын төсөв дээр мөн төсөл хөтөлбөрүүдээр 50 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг гаргаж, улсынхаа нэг сарын ч болтугай шатахууны нөөцийг хадгалдаг сав барих боломжийг аж ахуйн нэгжүүддээ өгөхөөр ажиллаж байна.
Түүнчлэн Дорноговь аймгийн Алтанширээт суманд баригдаж буй нефтийн үйлдвэрийн ажил маш эрчимтэй явагдаж байгаа. 2027 оны төгсгөл гэхэд бүрэн ашиглалтад орно.
Боловсруулах нөөцтэй холбоотой дотоодын хайгуул, гадаадын импортыг ч ярьж, бүх хувилбараар бэлэн байдлыг хангаад ажиллаж байгаа. Иймд тайван байгаарай нийлүүлэлт хэвийн байгаа. Одоогоор шатахууны 30 хоногийн нөөц хэвийн байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!