Уншиж байна ...

Тэрбумтан Бабишийн нам Чехийн парламентад үнэмлэхүй олонх болж чадаагүй тул эвслийн засгийн газар байгуулна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт болсон Чехийн парламентын сонгуульд тус улсын хамгийн баян хүмүүсийн нэг болох Андрей Бабишийн тэргүүлдэг АНО (Тийм) нам ялалт байгуулсан ч дангаараа засгийн газар байгуулах хэмжээний суудал авч чадаагүй байна.

Баасан, Бямба гарагуудад болсон санал хураалтын дараа АНО нам 34.5 хувийн санал авч, 200 суудалтай парламентад 80 суудал эзлэхээр болжээ.

Одоогийн ерөнхий сайд Петр Фиалагийн баруун төвийн үзэл баримтлалтай Сполу нам 23.4 хувийн саналаар удаалсан байна.

Өмнө нь 2017-2021 онуудад ерөнхий сайдаар ажиллахдаа нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан тэрбумтан Бабиш бусад намуудтай эвсэх яриа хэлэлцээ эхлүүлж байгааг өчигдөр зарлажээ.

Үүнээсээ өмнө тэр ерөнхийлөгч Петр Павелтай уулзсан байна.

“Би ерөнхийлөгчид Чех улс болон Европын Холбооны хууль тогтоомжид нийцсэн шийдэл танилцуулахаа амласан” гэж Бабиш хэлжээ.

Дараа нь ерөнхийлөгч Павел өрнөдийн чиг баримжаатай, ардчилсан засаглалаа хадгалж үлдэхийн тулд арваннэгдүгээр сар хүртэл шинэ засгийн газар томилох гэж яарахгүйгээ мэдэгдсэн байна.

Хэдийгээр Бабиш эвслийн засгийн газар байгуулж чадсан ч Унгарын Виктор Орбан, Словакийн Роберт Фико нар шиг Европын Холбооны бодлогын эсрэг ажиллаж чадахгүй гэж ажиглагчид дүгнэжээ.

Гол сөрөг хүчний намууд АНО намтай эвсэхгүй гэсэн байр суурьтай байгаа тул Бабиш харьцангуй жижиг хоёр барууны нам болох Эрх Чөлөө, Шууд Ардчиллын нам (SPD), Мотористуудын намын дэмжлэгийг авахаас өөр сонголтгүй болж байна.

“Бид SPD болон Мотористуудтай хэлэлцэж, АНО тэргүүлсэн нэг намын засгийн газар байгуулах арга замыг эрэлхийлэх болно” гэж Бабиш мэдэгджээ.

Андрей Бабиш нь $3.9 тэрбумын хөрөнгөөрөө Чехийн долоо дахь баянд тооцогддог хүн юм.

Түүний АНО нам эдийн засгийн өсөлт, цалин, тэтгэврийн нэмэлт, татвар бууруулах амлалтаар сонгуульд өрсөлдсөн.

Мөн Европын Холбооны цагаачлал, ногоон эрчим хүчний бодлогын эсрэг тэмцэх, Украиныг дэмжих “Чехийн Санаачилга” хөтөлбөрийг зогсоож, зөвхөн Европын Холбоогоор дамжуулан дэмжихээ амлаж байжээ.

Москватай ойртох, НАТО-гийн эсрэг ажиллах бодлоготой SPD нам Чех улсыг Европын Холбооноос гаргах “Чекзит” хөдөлгөөн санаачилж байсан бол Бабиш үүнийг эсэргүүцдэг юм.

Тэрбээр намаа “Европыг дэмжигч, НАТО-г дэмжигч” болохыг удаа дараа нотолж байжээ.

Тиймээс Бабишийн хувьд эвслийн засгийн газар байгуулах нь маш хүнд сорилт болоод байгаа юм. Тэрбээр парламентаас хамгийн багадаа 101 саналын дэмжлэг авсны үндсэн дээр засгийн газраа байгуулна.

Гэтэл Бабишийн дэмжлэг авахаар найдаж байгаа SPD нам 13 хувийн санал авах урьдчилсан таамагтай байсан ч ердөө 7.8 хувийн санал авчээ.

Үүнээс гадна ерөнхийлөгч Павел нь хангалтгүй гэж үзвэл шинэ ерөнхий сайдыг томилоход хориг тавих үндсэн хуулиар олгогдсон эрхтэй юм.

Гэхдээ Унгар, Словакийн удирдагчдаас ялгаатай нь бизнесмэн Бабиш улс төрийн үзэл баримтлалын хувьд тийм ч хатуу биш, харьцангуй прагматик улс төрчид тооцогддог.

Тиймээс түүнийг Европын Холбооны санхүүжилтийг авахын тулд Брюсселийн эрх баригчидтай ноцтой хэмжээнд хүртэл зөрчилдөх магадлал бага гэж ажиглагчид үзэж байна.

Чехийн төрийн институциуд ч бас Бабишийн хэтэрсэн үйл ажиллагаанд саад учруулах хангалттай хүчтэй механизмтай гэгдэж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press