Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Б.Энхбаяр гишүүнийг МАН-аас хөөсөн шийдвэрээ эргэж харахгүй бол УИХ-ын гишүүд намаасаа гарна" гэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо өчигдөр орой хуралдаж, УИХ-ын гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан. 

Үүнтэй холбогдуулан МАН-ын гишүүнчлэлтэй УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар Төрийн ордонд мэдэгдэл хийлээ.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Бид 5Ш ажиллагааг үргэлжлүүлэн авлигаас ангид байна гэж тунхагласан болохоос биш албан тушаалын төлөө арсалдан тэмцэлдэнэ гэж сонгуулиар амлаагүй. Ард түмний амьдрал хэцүү, ажлын байр хэрэгтэй байхад эрх барьж буй МАН иймэрхүү дүрэмгүй тоглолт хийж болохгүй. 

Тиймээс энэ зүйлд улс төрийн ууган намын хувьд хариуцлагатай хандах ёстой хэмээн шаардаж байна. Өөрөөр хэлбэл Хяналтын ерөнхий хороо гаргасан шийдвэрээ эргэж харахгүй тохиолдолд бидний хувьд УИХ дахь МАН-ын бүлгээс, цаашилбал МАН-аас гарах хүртэл шаардлага тавина. Бид одоо шууд намаас гарна гэж мэдэгдэгдээгүй. Шударга бус зүйлээ засахгүй бол намаас гарах хүртэл арга хэмжээ авна. Зөв зүйлийн төлөө МАН ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Намын дүрэмд гишүүнээс хасах тодорхой хэдэн заалт бий. УИХ-ын сонгуульд намынхаа эсрэг бие дааж нэр дэвших, аливаа шатны сонгуульд санал худалдах гэсэн асуудал бий. Б.Энхбаяр гишүүнийх энэ асуудлуудад орохгүй. 

Улс орны эрх ашиг ярьсан хүмүүсийг намаас хөөнө гэж байна. Би өнгөрсөн жил төсөв ярихад намаас хөөгдөх асуудал яригдаж байсан. Өнөөдөр хүмүүсийн амьдрал ядуу байгаагийн хамгийн том шалтгаан бол авлига. Авлигатай эрс шийдэмгий тэмцэх ёстой. Өчигдрийн гаргасан шийдвэр энэ байр суурийг ганхуулсан зүйл боллоо. 

Намын олон гишүүдтэй уулзахад бидний байр суурийг дэмжсэн олон гишүүн байгаа. Яг энэ байр суурийг дэмжсэн МАН-ын гишүүд бидэнтэй нэгдэнэ гэсэн. 

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: Хөгжлийн банк, Нүүрсний сонсголыг Б.Энхбаяр гишүүн нийтэд дэлгэж, авлига албан тушаалын бугшсан асуудлыг гаргасан. Хууль зүйн сайдын хувьд шударга ёс тогтоох ажилд манлайлан ажилласан. 

2024 оны сонгуульд ард түмэн МАН-д дангаар засаглах эрх олгохдоо авлига ашиг сонирхолтой хатуу тэмцэх юм байна гэж санал өгсөн. Бид өнөөдөр энэ зарчмаас ухарч байна. 

МАН-ын хяналтын ерөнхий хороо нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Намын гишүүнийг авлига, ашиг сонирхол зөрчилд орсон, илт ёс зүйн алдаа гаргасан, гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр чөлөөлдөг. Б.Энхбаяр гишүүнийг яг ямар үндэслэлээр тооцож намаас хөөж байна вэ гэдэг чухал асуудал байна. 

Элдэв албан тушаалтны гэмт хэргийг илчилж, олон нийтэд илэрхийлсний төлөө МАН-аас хөөгдөнө гэдэг байж болохгүй асуудал юм. Хоёрдугаарт МАН-ын хяналтын ерөнхий хорооны дарга давхар албан тушаал хашаад явж байна.

Намаар дамжуулж дарангуйлал тогтоох гэж байна. Үүнтэй бид эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцсэн гишүүдээ хөөж гаргадаг дарангуйлал байж болохгүй.