Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дүүжин тээврийн замын тав дахь баганыг монгол инженерүүд суурилуулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүрэг, Яармагийн Арцат буудлаас Нэгдүгээр хорооллын Хархорин зах хүртэл дүүжин тээврийн замыг угсрах ажил энэ оны гуравдугаар сард эхлээд буй. Өнөөдрийн байдлаар замын тав дахь тулгуур баганыг суурилуулжээ. Уг тээврийн замыг барихдаа нийт 19 ширхэг тулгуур багана суурилуулах бөгөөд хамгийн өндөр нь 42 метр байх юм.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр өмнөх дөрвөн тулгуур баганыг суурилуулах ажлыг Францын инженерүүд гардан гүйцэтгэж, “Моннис инженеринг” компанийн өндрийн инженерүүд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. Харин тав дахь тулгуур баганыг монгол компанийн инженерүүд өөрсдөө суурилуулж, Францууд зөвлөсөн байна.

Цаашид Пома группийн зүгээс тросс таталт, кабин угсралтад зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллах гэнэ.

Дүүжин тээвэр төслийн бетон цутгалтын ажлыг аравдугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж, арваннэгдүгээр сард нийт 19 тулгуур баганыг бүрэн суурилуулахаар төлөвлөсөн байна.

2026 оны нэгдүгээр сараас сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал, холбоо дохиоллын ажлуудыг гүйцэтгэх юм байна.

Улаанбаатар хотод дүүжин замын тээвэр төслийг 40-өөс дээш жилийн хугацаатай, жилийн 0.0078%-ийн хүүтэй, 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн Франц улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа билээ.