Яармагаас Өнөр хороолол чиглэлд 4.2 километр үргэлжлэх дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам 6.45-42 метр өндөр 19 ширхэг тулгуур багана, хоёр зогсоолтой баригдахаар болоод буй. Дүүжин тээврийн тулгуур багануудыг суурилуулж эхэлжээ.
Энэ тухай Франц улсын "Пома" группийн төслийн талбайн инженер Жоан Антонин “Эхний ээлжид 20 метрийн өндөртэй тулгуур баганыг суурилуулж босголоо. Ил харагдах энэхүү тулгуур багана нь 20 метрийн өндөртэй боловч, мөн газрын гүнээс доош 9 метр шон суурь цутгасан. Ингэхдээ газар хөдлөлтөд тэсвэртэй байх, геологийн онцлог нөхцөл зэрэг олон улсын стандарт шаардлагыг мөрдөж, аюулгүй технологи бүхий бүтээн байгуулалтыг хийж байна.
Төслийн хамгийн өндөр тулгуур багана 42 метр байх бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Моннис” компанийн туршлагатай, мэргэжлийн баг бидэнтэй хамтран хийж гүйцэтгэж байгаа. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлэхээс өмнө бидний зүгээс туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудад дадлага олгох зорилгоор үе шаттай сургалт оруулсан” гэв.
Дүүжин тээврийн тулгуур багана нь шугамын тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг хангах үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг бөгөөд эд ангиудыг Бүгд Найрамдах Франц Улсаас буюу "Пома" үйлдвэрээс нийлүүлжээ.
Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлагатай холбоотой 15 стандартыг батлуулсан болохыг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал мэдэгдэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!