Монгол Ардын Намын /МАН/ Бага хурал Д.Амарбаясгаланг намын дарга болохыг дэмжсэн гишүүдийн хувьд өглөөний 08:00 цаг хүртэл үргэлжлэв. Харин Г.Занданшатарыг дэмжигчид үүнээс арай эрт "харьцгаасан". Учир нь тэд дахин санал хураалтыг хүлээн зөвшөөрөөгүй тул хурлаа хаяж гарцгаасан юм.
МАН-ын дүрэмд Бага хурлын гишүүдийн /хуралдаанд оролцсон/ гуравны хоёрын саналаар намын даргыг сонгох тухай заасан байдаг. Энэ удаагийн хурал 428 гишүүн буюу 80 гаруй хувийн ирцтэйгээр эхэлсэн болохыг намаас мэдээлсэн. Улмаар төрийн албанд томилогдсон болон бусад шалтгаантай Бага хурлын 49 гишүүдийг чөлөөлж, мөн тэр тооны гишүүнийг нөхөн томилов.
Үүний дараа Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар намын даргад нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдсэнээр тэдний хоорон дахь мэтгэлцээнээр хурал үргэлжилсэн байна. Мөн Бага хурлын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан.
Тийнхүү хурал үргэлжилсээр 01:00 цагийн орчимд санал хураалт эхэлжээ. Бага хурлын гишүүд саналаа нууцаар, цаасаар өгсөн юм.
Ингээд саналыг машинаар тоолоход УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 56 хувь, Ерөнхий сайд Г.Занданшатар 44 хувийн санал тус тус авчээ. Өөрөөр хэлбэл, хоёр нэр дэвшигчийн хэн нь ч хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналыг авч чадсангүй. Энэ үед Ерөнхий сайд Г.Занданшатар машины тооллогыг дахин гараар тоолох санал гаргасан бөгөөд түүний хүсэлтийн дагуу гар тооллого явуулахад анхны тооноос зөрөөгүй байна.
Эндээс МАН-ын даргын сонгуулийн дүнг хоёр янзаар тайлбарлаж эхлэв.
Санал хураалт явуулахаас өмнө нэр дэвшигчдийн хэн нь ч гуравны хоёрын санал авч чадаагүй нөхцөлд дахин санал хураалт явуулах журмыг Бага хурлын гишүүд баталсан. Шинээр баталсан гэх журмаар дахин санал хураалт явуулах гэтэл Г.Занданшатарыг дэмжигчид намын дүрмээс давсан журам байх ёсгүй хэмээн эсэргүүцэж хурлын хаяж гарцгаажээ.
Дахин санал хураалтын дүнгийн талаар МАН-аас дараах мэдээллийг гаргалаа.
МАН-ын Хууль эрхзүйн хэлтсийн даргын хэлж буйгаар тус намын дүрэмд даргын орон гарсан тохиолдолд дараагийн даргын эрхийг хэрэгжүүлэх тухай асуудлыг заасан байдаг. Гэтэл намын дарга Л.Оюун-Эрдэнэ намын даргаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдсэнээс бус албан ёсоор өргөдлөө өгөөгүй байгаа аж. Тиймээс даргын орон гарсан эсэх нь тодорхойгүйгүй байхад дараагийн даргыг сонгох сонгууль явуулсан гэж үзэж буйгаа хэлсэн. Мөн дахин санал хураах журам нь хууль зөрчсөн гэлээ.
Харин шинээр Бага хурлын гишүүн болсон П.Сайнзориг гишүүн "Одоогийн мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хуульд даргын орон гарсан гэдэг ойлголт байхгүй болсон. Нэг даргыг чөлөөлж байгаа бол дараагийн дарга заавал бүртгэгдэх буюу шийдвэр нь гарсан байх гэдэг зохицуулалтай. Тодорхой этгээдэд сонгуулийн үр дүн таалагдаагүй болохоор хуулийн мухардал руу асуудлыг оруулах гэсэн санаархал явж байхыг үгүйсгэхгүй. МАН-ын Бага хурал хуулийн дагуу хуралдсан" гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Ийнхүү МАН-ынхан даргаа санал нэгтэйгээрээ сонгож чадсангүй. Г.Занданшатарыг дэмжигчид дахин санал хураалтыг хүлээн зөвшөөрөхгүй, Их хурлаар асуудлаа шийдье гэсэн бол Д.Амарбаясгалан дахин санал хураалтын дүнгээр ялалт байгууллаа хэмээн мэдэгдэв.
Одоо намын Удирдах зөвлөл хуралдаж, энэ асуудалд ямар нэгэн шийд гаргах уу, дахин санал хураалтын дүнгээр ялалт байгуулсан гэж үзэж буй Д.Амарбаясгаланг Улсын дээд шүүх намын даргаар бүртгэх үү гэдэг асуудлыг харах үлдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!