ДЭЛХИЙН ЗҮРХНИЙ ӨДӨРТ: Зүрх судасны өвчлөлийн талаас илүү хувийг артерийн даралт ихсэх өвчин эзэлдэг
Жил бүрийн 9 дүгээр сарын 29-ний өдөр бол дэлхий даяар зүрх судасны эрүүл мэндийн ач холбогдлыг сануулж, хүн бүрийг өөрийн болон хайртай хүмүүсийнхээ зүрхийг хамгаалахыг уриалдаг өдөр юм.
“Дэлхийн зүрхний өдөр бол хүн бүрд зүрх судасны эрүүл мэнддээ анхаарахыг уриалах зорилготой өдөр юм”
Дэлхийн зүрхний өдрийг дэлхий дахинаа 25 дахь жилдээ зохион байгуулж байгаа бол манай улсад “Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх Судасны Үндэсний Төв”, Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг”-тэй хамтран 7 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ жил дэлхий даяар “Don’t miss a beat” уриан дор нэгдэж, Дэлхийн Зүрхний Федерацийн санаачилсан чиглэлийн дагуу Улаанбаатар хотын томоохон сурталчилгааны дэлгэцүүдээр иргэдэд зүрх судасны эрүүл мэнддээ анхаарах сануулга, дохио өгч, зүрхээ хайрлан хамгаалах арга замыг таниулж байна.
Дэлхийн Зүрхний Федерациас санаачилсан энэхүү үйл ажиллагааны хүрээнд Дэлхийн зүрхний өдөрлөг 9 дүгээр сарын 27-ны өдөр (Бямба гарагт) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11:00-14:00 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байна.
Өдөрлөгийн үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар иргэдэд зүрх судасны эрүүл мэндийн талаар сургалт, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ, Mongolia Eco Trail Runners клубтэй хамтран зүрхэн хэлбэртэй маршрутаар гүйх, хөгжөөнт тэмцээн болон сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулах тул та бүхнийг өргөнөөр ирж оролцохыг урьж байна.
Монгол улсын хувьд хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгаанд зүрх судасны шалтгаант өвчин тогтмол тэргүүлэн улмаар өсөх хандлагатай болсон. Зүрх судасны өвчлөлийн талаас илүү хувийг артерийн даралт ихсэх өвчин эзэлдэг тул тус өвчнөөр өвдөхөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулж хүндрэлээс сэргийлэх талаар ард иргэдийн мэдлэгийг сайжруулах, мэдээллээр тогтмол хангах нь маш чухал юм.
Артерийн даралт гэдэг нь артерийн судсан дотуур урсаж байгаа цусны судасны хананд үзүүлж буй даралтыг хэлдэг бөгөөд хэвийн түвшин нь 120/80 мм муб байдаг. Даралт ихэссэн үед өөрт төдийлөн мэдэгддэггүй учраас 18 наснаас дээш буюу насанд хүрсэн хүн бүр даралтаа үзэж, тэмдэглэж, хянах нь тус өвчнийг эрт үед нь оношлон эмчлэхэд хамгийн чухал үүрэгтэй.
Артерийн даралт ихсэх өвчинтэйг мэдэхгүй, эсвэл мэдсэн ч өөрт тохиолдож болох эрсдэл хүндрэлийн талаар мэдэхгүйн улмаас хайхардаггүй, бууруулах талаар үйлдэл хийдэггүй, даралт бууруулах эм уудаг ч хяналтгүй буюу тогтмол уудаггүй, өдөр бүр даралтаа үздэггүй, өөрт тохирсон эмийг тохиромжтой тунгаар ууж чадахгүй байгаа зэргээс хяналтгүй артерийн даралт ихсэх өвчин нэмэгдэж хүндрэл үүсэж иргэд цэл залуу насандаа ч амь нас, эрүүл мэндээ алдах тохиолдол ихсэж байна.
Сайн мэдээ нь артерийн даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой, эмчлэгдэх бүрэн боломжтой өвчин юм. Гагцхүү артерийн даралт ихсэх өвчний шалтгаан, түүнд нөлөөлдөг хүчин зүйлсийг мэдэж, өөрт байгаа эрсдэлт хүчин зүйлс, зан үйлийг илрүүлэн засаж залруулах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, артерийн даралтаа тогтмол үзэх, хянах, өвдсөн бол эмчилгээг тууштай хэрэглэх нь хүн бүрийн насан туршийн үүрэг хариуцлага гэдгийг ойлгох нь чухал.
Зүрх, судсаа эрүүл байлгах нь өдөр тутмын энгийн алхмуудаас эхэлдэг.
Амьдралдаа хэрэгжүүлэх амин чухал 8 дадал зуршилд:
- Зохистой хоол хүнс хэрэглэх
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх (насанд хүрсэн хүн өдөрт 30 минут)
- Бүх төрлийн тамхины хэрэглээ, өртөлтөөс зайлсхийх
- Чанартай унтаж амрах (өдөрт 7-8 цаг унтах)
- Биеийн жинг хэвийн түвшинд хүргэх (Биеийн жингийн индексээ 18.6-24.9 байлгах)
- Цусны холестеролыг хэвийн түвшинд хүргэж бууруулах (< 5.2 ммоль/л)
- Цусны глюкозыг хэвийн түвшинд хүргэж хянах (4-6 мм/моль)
- Артерийн даралтаа хянах (120/80мм.муб)
Дэлгэрэнгүйг:
- “Зүрх судасны үндэсний төв - Иргэдэд” Фэйсбүүк хуудас,
- “zurkh.telemedicine.mn” веб хуудас
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

