Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ) багш нарын цалинг нэмэгдүүлэхийн тулд үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байгаагаа мэдэгдлээ.
Үүний нэг нь есдүгээр сарын 24-нд болох жагсаал юм. Тус холбооны дарга З.Цогтгэрэлийн хэлснээр маргаашийн 12:00-16:00 цагт болох тайван жагсаалд улс орон даяар багш нар нэгдэх бөгөөд Улаанбаатарт гэхэд 5-10 мянган багш оролцох урьдчилсан тоо гарчээ.
МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл "Маргаашийн жагсаалд оролцогчид УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. Иймд УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг гарч ирж, албан ёсоор шаардлагыг хүлээн авахыг хүсэж байна.
Тайван жагсаал учраас оролцогчид маань бусдын нэр төрд халдах, замбараагүй байдал үүсгэхгүй байхыг уриалж байна. Бид бүхний тэмцэл хөдөлгөөнд нааштай шийдвэр гарахгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд дараагийн тэмцэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэх болно" гэв.
Түүнчлэн есдүгээр сарын 28-нд багш нар ажил хаяна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд яваад байгаа нь тус холбоотой ямар ч хамааралгүй гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!