Зорчигч бүртгэлийн программ хангамж кибер халдлагад өртсөний улмаас Бямба гарагт Лондон хотын Хитроу болон Брюссель, Берлин хотуудын нисэх буудлуудын үйл ажиллагаа саатжээ.
Халдлагад өртсөн Collins Aerospace компанийн системийг дэлхийн хэд хэдэн том нисэх буудал ашигладаг юм.
“Зорчигчдын бүртгэл, онгоцонд суух үйл явцтай холбоотой асуудал Хитроу болон Европын бусад нисэх буудлуудын ажиллагаанд нөлөөлснийг би мэдэж байгаа. Би нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл авч, ажиглаж байна. Хэрвээ та өнөөдөр Хитроу буудлаар нисэх гэж байгаа бол эхлээд нислэгийн компанитайгаа холбоо бариарай” гэж Их Британийн тээврийн сайд Хэйди Александр мэдэгджээ.
Брюсселийн нисэх буудал Баасан гарагийн шөнөөс эхлэн системд нь асуудал гарсан тул зорчигчдын бүртгэл, онгоцонд суулгах ажиллагааг гараар хөтлөн явуулахаас өөр аргагүй болсныг мэдээлсэн байна.
“Энэ асуудал нислэгийн хуваарьт хүчтэй нөлөөлж буй тул харамсалтай нь нислэгүүд саатаж, цуцлагдаж байна” гэж буудлын захиргаа мэдэгдээд агаарын тээврийн компаниасаа урьдчилж лавлалгүйгээр ирэхгүй байхыг зорчигчдод зөвлөжээ.
Берлиний нисэх буудлын захиргаа “Европ даяар ажилладаг системийн нийлүүлэгчтэй холбоотой асуудлын улмаас бүртгэлийн хугацаа удааширч байна. Бид асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна.
Системийг нийлүүлэгч Collins Aerospace компани “Зарим нисэх буудлуудад ажилладаг манай Muse программ хангамжид кибер халдлагатай холбоотой гэмтэл үүссэнийг бид мэдэж байгаа. Бид асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэж, харилцагчдынхаа үйл ажиллагааг сэргээхээр шуурхай ажиллаж байна. Үүний улмаас зорчигчдын бүртгэл, ачаа тээш хүлээж авах ажил цахимаар бус, гараар үйлдэгдэхээс өөр аргагүй болж байна” гэж мэдэгджээ.
Нисэх буудлуудын саатал Ням гарагт үргэлжлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!