Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Номин: Эрдэнэс Монгол нэгдэл шинэ Хархорум хотод тарьсан модоо тогтмол арчилж байгаа

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Эрдэнэс Монгол нэгдлийн энэ жилийн зургаадугаар сард шинэ Хархорум хотод тарьж ургуулсан модод арчлалтгүйн улмаас үхсэн байна гэх мэдээлэл цахим орчинд гарсан юм. Иймд Эрдэнэс Монгол нэгдлийн тарьж, ургуулж буй моддын арчлалтын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тогтвортой уул уурхайн хөгжлийн хэлтсийн менежер Ж.Номингоос тодрууллаа. 


- Эрдэнэс Монгол нэгдлээс шинэ Хархорум хотод хэдэн ширхэг мод тарьж ургуулж байна вэ? 

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 онд Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан. Энэ дагуу Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүний 8 компани Хархорум хотын ногоон байгууламжийн төлөвлөлтийн дагуу 70 хувь навчит, 30 хувь шилмүүст  нийт 536,000 ширхэг мод тарих үүрэг амлалт авч, хөрс бэлтгэлийн ажлыг 2025 оны 4 дүгээр сарын 23-наас эхлүүлэн, 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт 330,000 ширхэг мод тарьж, хаврын тариалалтыг амжилттай дуусгасан.  

"Тогтмол хуваарийн дагуу усалгаа, арчилгааг хийж байна"

- Тарьж ургуулж буй модны арчилгааг хэн, хэрхэн хариуцаж байна вэ? 

- Манай нэгдлийн зүгээс тарьж ургуулсан модоо арчилж, тордоход тогтмол анхаарч ажилладаг. Нийгмийн сүлжээнд зарим хүний бичээд байгаа шиг Эрдэнэс Монгол нэгдлийн тарьсан модод “бүгд хатаад үхсэн” гэдэг нь ташаа мэдээлэл юм. Тухайн мэдээлэлд харьцуулж, харуулсан зураг нь ч манай нэгдлийн тарьж ургуулж буй талбайн зураг биш.

Учир нь манай хариуцдаг талбайн арчлалтыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ,  “Багануур” ХК  зэрэг компаниуд болон зарим гүйцэтгэгч компанитай хамтран тогтмол хуваарийн дагуу усалгаа, арчилгааг хийж байна. Гэхдээ бүгд 100 хувь ургаж байгаа гэж хэлэхгүй, ус хөрсний нөхцөл байдлаас болж зарим нэг хорогдол гарч байгааг үгүйсгэхгүй. Ерөнхийдөө нэгдлийн модны амьдралтын түвшин дунджаар 75-80 хувьтай байгаа. 

2025 оны 6-р сарын тариалалт хийсний дараах болон өнөөдрийн зураг харьцуулалт: 

2025.09.08
2025.06-р сар
 

"Тухайн орчинд дасан зохицох, арчилгаа, хамгаалалтаас үүдэн хорогдол үүсэх нь бий"

- Хаврын улиралд тарьсан модод шинэ хөрсөндөө дасан зохицох хугацаа гэж байдаг уу?  

- Хавар суулгасан мод усалгаа их шаардахаас гадна тарьсан модыг хаврын улиралд багадаа таван хоногт нэг удаа, зуны улиралд 2-3 хоногт нэг удаа тогоог дүүртэл нь  услах шаардлагатай байдаг. Тиймээс тухайн орчинд дасан зохицох, арчилгаа, хамгаалалтаас үүдэн хорогдол үүсэх нь бий. Ялангуяа нарс модны хувьд тухайн нутгийн хөрсөнд дасан зохицохгүй байх асуудал үүсэх нь бий. Хархорин хотын талбайн хувьд ус худгийн нөхцөл тааруу учир усжуулалтын систем суурилуулах зэргээр ажиллаж байгаа. Одоо намрын тариалалтаар зарим үхэжсэн моднуудад нөхөн тариалалт хийж, цэнэг усалгаагаа хийх гэж байна.  

Эрдэнэс Монгол нэгдэл шинэ Хархорум хотод тарьж ургуулсан модод 2025.09.08