Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын цэргийн парадад оролцож буй Путин, Ким нар таагүй сэтгэгдэл төрүүлж байгааг Трамп илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Бээжин хотод дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойд зориулсан Хятадын зэвсэгт хүчний томоохон парад зохион байгуулагдаж, дэлхийн 20 гаруй улсын төр засгийн тэргүүнүүд оролцож байгаа юм.

Тяньаньмэний талбайн хойморт зассан индэр дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр талдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарыг зогсоосныг Өрнөдийнхөнд өгч буй анхааруулга гэж ажиглагчид үзэж байна.

Энэ дүр зураг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын анхаарлыг ч бас татжээ.

Тэрбээр сошиал хуудсандаа “Америкийн Нэгдсэн Улсын эсрэг хуйвалдаанд оролцож буй Владимир Путин, Ким Жон Ун нарт халуун мэндчилгээ дэвшүүлмээр байна” гэж бичсэн нь таагүй сэтгэгдлээ илэрхийлсэн хэрэг байв.

Дараа нь тэр Хятад улсыг эрх чөлөөгөө олоход АНУ-ын үзүүлсэн тусламж дэмжлэгийг Ши Жиньпинд сануулжээ.

“Хятад улсын ялалт, алдар гавьяаны төлөө тэмцэлд олон америк хүн амиа алдсан. Тэдний эр зориг, золиослолыг хүндэтгэж, дурсаж байгаа гэдэгт найдаж байна. Ши дарга болон Хятадын гайхамшигт ард түмэн энэ өдрийг сайхан тэмдэглэж өнгөрүүлэх болтугай” гэж Трамп мэдэгдэлдээ бичсэн байна.

АНУ-ын засаг захиргаа улам хүчирхэгжиж буй Хятадын нөлөөг хязгаарлахын тулд дэлхийг хоёр блокт хувааж байгаа цаг үед Бээжинд ялалтын баярын парад зохион байгуулагдаж байгаа юм.

Ши Жиньпин үүгээр далимдуулан Трампын явуулж буй худалдааны түрэмгий бодлого АНУ-ыг холбоотнууд болон түншүүдтэй нь талцуулаад байгаа энэ үед Хятад улсыг илүү найдвартай их гүрэн мэт харагдуулах зорилготой гэж ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: Yonhap News