Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжинд болох ялалтын парадад Путин, Ким Жон Ун нар оролцохоор болжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Есдүгээр сарын 3-ны өдөр Хятадын нийслэл Бээжин хотод дэлхийн хоёрдугаар дайнд Япон улсыг ялсан түүхэн үйл явдлын 80 жилийн ойд зориулсан цэргийн томоохон парад зохион байгуулагдах гэж байна.

Өнөөдөр Хятадын гадаад хэргийн яамнаас уг арга хэмжээнд дэлхийн 26 улсын төр засгийн тэргүүн оролцохоор болсныг мэдээлжээ.

Тухайлбал ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар уг арга хэмжээнд оролцохоор болсон байна.

Ким Жон Ун анх удаагаа олон улсын удирдагчид цугласан томоохон арга хэмжээнд оролцохоор болсон нь энэ юм.

2015 онд болсон өмнөх 70 жилийн ойн арга хэмжээнд Умард Солонгос төрийн өндөр албан тушаалтнуудынхаа нэгийг илгээж байжээ.

70 минутын хугацаанд үргэлжлэх парадад Хятад улс хамгийн сүүлийн үеийн зэр зэвсгээ үзүүлэх төлөвтэй байгаа.

Тиймээс энэ үйл явдал Өрнөдийн мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байх юм.

Мөн энэхүү арга хэмжээнд Путин, Ким Жон Ун нар оролцох болсон нь Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний хувьд дипломат бодлогын нэг ялалт болох нь тодорхой байна.

АНУ-ын ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Украины дайныг зогсоох асуудлаар Путинтэй, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар Ким Жон Унтай яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж байгаа.

Тэгвэл Ши Жиньпин энэ арга хэмжээгээр дэлхийн геополитикт ямар нөлөөтэй байгаагаа харуулах юм.

Ким Жон Уны хувьд хамгийн сүүлд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ойг тохиолдуулан 2019 онд Бээжинд айлчилж байв.

 

Эх сурвалж: BBC