Өчигдөр буюу Лхагва гарагт Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ хэсэгхэн хугацаанд $4 их наядын босгыг давсан байна.
Энэ бол дэлхийн түүхэнд анхны ийм тохиолдол юм.
Хиймэл оюуны технологийн эрэлт улам нэмэгдэж байгаатай холбоотой тус компанийн нэгж хувьцааны ханш өчигдрийн арилжааны үеэр 2.8 хувиар өсөж, $164.42 хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт байлаа.
Арилжаа хаагдах үед хувьцаа нь 1.8 хувийн өсөлттэй, зах зээлийн үнэлгээ $3.97 их наядтай байжээ.
Nvidia бол хиймэл оюуны технологийн тархи болдог хагас дамжуулагч процессоруудыг зохион бүтээгч, үйлдвэрлэгч компани юм.
Тус компанийн зах зээлийн үнэлгээ 2023 оны зургаадугаар сард анх удаа $1 их наядын босгыг давсан бол нэг жил орчмын дараа гурав дахин өсөж, Apple, Microsoft компаниудын араас $3 их наядын үнэлгээнд хүрч байв.
Өнөөдрийн байдлаар Microsoft $3.74 их наядын үнэлгээгээр АНУ-ын компаниудын хоёрдугаарт бичигдэж байна.
Nvidia компанийн үнэлгээ одоо Канад, Мексикийн хөрөнгийн зах зээлүүдийг нийлүүлснээс том, Их Британид бүртгэлтэй нийт компаниудын нийлбэр үнэлгээнээс ч том болоод байна.
Энэ оны нэгдүгээр улиралд тус компанийн орлого $44.1 тэрбум хүрсэн нь жилийн өмнөхөөс 69 хувиар өссөн үзүүлэлт болж байлаа.
Наймдугаар сарын 27-нд хоёрдугаар улирлын санхүүгийн тайланг танилцуулах үеэр орлого нь $45 тэрбумд хүрэх тооцоотой байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!