Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад цэцэрлэгийн тогооч хүнсний зориулалтын бус бодис хоолонд хэрэглэсний улмаас 233 хүүхэд хорджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хятадын баруун хойд бүс нутгийн нэг цэцэрлэгийн тогооч хоолондоо хүнсний зориулалтын бус будаг хэрэглэсний улмаас 233 хүүхэд хордож, эмнэлэгт хэвтжээ.

Ганьсү мужийн Тяньшуй хотын энэ цэцэрлэгийн хүнсний дээжийг шинжлэхэд хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 2,000 дахин их гарсны дараа найман хүнийг баривчилсан байна.

Цэцэрлэгийн тогооч улаан чавганы бялуу, эрдэнэ шишийн зайдастай ороомог хийхдээ онлайнаар худалдаж авсан хүнсний өнгө оруулагч бодис ашигласныг цагдаагийн байгууллага тогтоожээ.

Цэцэрлэгийн ажилтан уг бодисыг захирлынхаа зөвшөөрлөөр худалдаж авсныг мөрдөн байцаалтын үеэр мэдүүлсэн гэнэ.

Хятадын төв хэвлэл цэцэрлэгийн тогооч нар уг бодисыг хоолондоо нэмж байгааг харуулсан хяналтын камерын бичлэгийг цацжээ.

Бялуун дахь хар тугалгын агууламж 1,052 мг/кг, ороомог дахь агууламж 1,340 мг/кг байсан нь Хятадын хүнсний аюулгүй байдлын стандартад заасан 0.5 мг/кг-аас үлэмж хэмжээгээр хэтэрсэн тохиолдол юм байна.

Хувийн цэцэрлэгийн захирал, хөрөнгө оруулагч зэрэг нийт найман хүнийг уг хэрэгт сэжигтнээр татан баривчилжээ.

Зориулалтын бус будгийг хэзээнээс хэрэглэж эхэлсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд гуравдугаар сараас зарим эцэг эхчүүд хүүхдийнх нь ходоод өвдөж, хоолны дуршилгүй болсон талаар гомдол гаргаж байсныг Хятадын төв хэвлэл мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC