Уншиж байна ...
Зураг
Зураг

Г.Хос-Эрдэнэ: Хар тамхи хүний эд эрхтэн, урагт хэрхэн нөлөөлдгийг баримлаар үзүүлэх үзэсгэлэн гаргана

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хар тамхитай тэмцэх зорилготой “Ирмэг дээр” төслийн талаар зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл хүргэлээ. 

Энэхүү төслийн хүрээнд хар тамхи хүний эд эрхтэн, урагт хэрхэн нөлөөлдгийг баримлаар үзүүлэх үзэсгэлэнг энэ намар буюу дөрөвдүгээр улиралд дэлгэх тухай мэдээлсэн юм. 


Ирмэг дээр” төслийн Ерөнхий зөвлөх, сэтгэл засалч, эмч, донтох эмгэг судлаач Ж.Гантулга хэлэхдээ "Залуусыг мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх ажилд хүч хөрөнгө, боломжоо тавих хэрэгтэй байна. 

Тэр ч утгаараа зургаадугаар сарын 26-ны энэ өдөр “Ирмэг дээр” гэх төслийг санаачилж байгаа. Хүн мэдээллийг сонсож, харж, биетээр үзэж байж илүү ойлгох боломжтой. 

Хар тамхины хор нөлөөг ганц нэг зураг эсвэл үгээр хэлж ярьж тайлбарлах нь түгээмэл. Хамгийн гол нь орчин үеийн технологи ашиглаж, ойлгуулах арга аргачлал үр дүнтэй юм байна. Энэ утгаараа төслийнхөө хүрээнд уламжлалт үйл ажиллагааг биш, шинэлэг уур амьсгал оруулахыг зорьсон. 

Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох залуусын тоо нэмэгдэж байна. Нас нь улам залуужиж байна уу гэсэн дүр зураг ажиглагддаг. 

Донтолт бол хүний амьдралын бүхий л хүрээнд нөлөөлдөг онцлогтой эмгэг. Тухайн хүний эрүүл мэнд, санхүүд нөлөөлж, гэр бүлийн харилцаанд хүртэл асуудал үүсгэнэ. 

Тиймээс ч “Ирмэг дээр” төслийг санаачлахаар шийдсэн. Бидний үйл ажиллагааг СЭМҮТ, ЦЕГ, Монголын залуучуудын холбоо, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд дэмжиж ажиллахаа илэрхийлсээр байна" гэлээ. 

"Хар тамхинд донтох, хэрэглэх эрсдэлд 35-аас доош насныхан илүү өртөж байна"

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Ж.Нямаа "Хар тамхинд донтох, хэрэглэх эрсдэлд 35-аас доош насныхан илүү өртөж байна. 

Дөнгөж 13, 14-хөн настай хүүхдүүд хүртэл хэрэглэж донтсон тохиолдол байгаа учраас учирч болох аюулаас сэргийлэх чиглэлд арай өөр арга барилаар ажиллах зайлшгүй шаардлага үүссэн. 

Vape ч ялгаагүй. Хорт хавдар үүсгэх эрсдэлтэй тул зарим улс оронд худалдахыг 100 хувь хориглосон байдаг. Манайд 18 нас хүрсэн хүнд зарна гэж байгаа боловч далд хэлбэрээр өсвөр үеийнхэнд зарсаар.

Яг энэ асуудлыг гаргаад ирэхээр "Утаат тамхинаас мөнгө авсан" ч гэдэг юм уу ийм асуудлаар нэг нэгнээ дарангуйлдаг.

Сүүлийн таван жилийн хугацаанд 1,300 гаруй залуус хар тамхитай холбоотой гэмт хэргийн золиос болсон. Өнөөдөр 14-35 насныхан 92 хувийг эзэлж байгаа.

Тэгвэл хэрэглэгчдийн тоо хэд байх вэ?

Нэг хэрэглэгчийн цаана таван хэрэглэгч байдаг гэж судлаачид үздэг. Үүнээс үүдэн гарах эрсдэлийг хүүхэд, өсвөр үеийнхэндээ маш сайн ойлгуулах ёстой.

Монголын залуучуудын холбооны дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлөөс "1,000 цэцэгсийн чуулган"-ыг Төрийн ордонд хоёр жилийн өмнө зохион байгуулсан. Хөдөө орон нутаг болон нийслэлээс 16-18 насны 1,000 охид цугласан байдаг. 

Улмаар таван асуулга оруулж судалгаа бөглүүлэхэд 96.7 хувь нь "Сэтгэл зүйн боловсролыг ЕБС-ийн хичээлийн үндсэн хөтөлбөр болгох нь нэн шаардлагатай" гэж хариулсан.

Сэтгэл зүйн боловсрол дотор донтох эрсдэлээс сэргийлэх агуулга ч орно. 

Бусад улс оронд хар тамхийг хэрэглэвэл ямар эрсдэлтэйг иргэддээ ойлгуулдаг. Манайхан эсрэгээрээ хар тамхины эсрэг постер хийгээд сэргийлэх үйл ажиллагаа явуулъя гэхээр “Та нар сурталчиллаа. Үүнийгээ боль” гэдэг. Шал өөр түвшинд ажиллах хэрэгтэй болсон.

Донтох бодисоос биш мөрөөдлөөсөө кайф авч амьдраарай, залуусаа" гэлээ. 

“Ирмэг дээр” төслийн Make up artist тусгай эффектийн нүүр хувиргагч Г.Хос-Эрдэнэ "Бодит 3D хүний биеийн хэсгүүдээр баримал хийж байгаа.

Дэлхий олон оронд хар тамхины эсрэг хор хөнөөлийг харуулсан музей бий. Үүний нэгэн адил Монголд хөрсөн дээр буулгахаар баримал хийх гэж байгаа.

Дөнгөж идэр залуу наснаасаа хар тамхинд донтож эхлээд зургаан сараас хоёр жил болох үе шатыг баримлаар харуулах юм. 

Хар тамхи хэрэглэж эхэлснээр хүний дотоод эд эрхтэн, тархинд ямар өөрчлөлт гардгийг харьцуулсан байдлаар тодорхой харуулна. Мөн ургийн гажгийг баримлаар харуулна.

Барьж үзэж, мэдрэх боломжтой баримал дээр тулгуурлан үзэсгэлэн гаргана" гэдгийг хэлсэн юм.