АНУ-ын бөмбөгдөлтийн дараа Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаад байна. Цохилтод өртсөн Иран улс ямар хариу арга хэмжээ авахыг дэлхий нийтээр анхааралтай ажиглаж байгаа.
Хариу арга хэмжээний нэг боломжит хувилбар нь Ормузын хоолойг хаах юм.
Ираны парламент Ням гарагт уг шийдвэрийг дэмжсэн байна. Харин эцсийн шийдвэрийг тус улсын дээд удирдагч Аятолла Али Хамени гаргах юм.
АНУ-ын цохилтын дараа Хамени ноцтой алдаа гаргасан Израиль улсыг зүгээр өнгөрөөхгүйгээ амлаж байв. Ингэхдээ Ормузын хоолойг мэдэгдэлдээ дурдаагүй юм.
Ормузын хоолой бол дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн хамгийн чухал цэг. Оман, Иран улсуудын дунд оршдог уг хоолойгоор газрын тос тээвэрлэгч хөлгүүд Персийн булангаас Арабын тэнгист дамжин гардаг.
Өдөр бүр 20 сая баррель буюу дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг энэ хоолойгоор дамжин зах зээлд гардаг юм. Үүнээс гадна байгалийн хий их хэмжээгээр дамжин өнгөрдөг байна.
Дэлхийн эдийн засагт аюул учруулах ийм арга хэмжээг Ираны дэглэм өмнө нь авахаар сүрдүүлж байсан боловч хэзээ ч хэрэгжиж байгаагүй юм.
Хоолойн хамгийн нарийн хэсэг 33 км өргөн бөгөөд энэ хэсгээр дамждаг далайн тээврийн зам ердөө гурван километр өргөн байдаг.
Ормузын хоолойгоор Саудын Араб, Иран, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Ирак улсууд ихэнх газрын тосоо тээвэрлэдгийн ихэнх нь Ази тивийн зах зээлд хүрдэг байна.
Бахрейнд байрладаг АНУ-ын тавдугаар флот уг бүсээр дамждаг арилжааны хөлгүүдийг хамгаалдаг юм.
Гэхдээ Ормузын хоолойг хаах нь зөвхөн АНУ, Европын эдийн засагт хохирол учруулаад зогсохгүй, Персийн булангийн орнуудын эдийн засагт хохирол учруулна. Нөгөө талаар Иран улсын газрын тосны орлогыг хаахаас гадна үүний 90 орчим хувийг худалдаж авдаг Хятад улсад хохирол учруулах юм.
Тиймээс энэ арга хэмжээнд нийтээрээ хохирох эрсдэлтэй.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хоолойг хаах шийдвэрийг Иран улс гаргахад Хятад улс хориг тавина гэдэгт найдаж байгаагаа өчигдөр Fox News сувгаар ярьжээ.
“Хятадын засгийн газарт би үүнд хориг тавихыг уриалж байна. Учир нь тус улс Ормузын хоолойгоор их хэмжээний газрын тос авдаг. Хэрвээ ингэвэл энэ нь Ираны ээлжит том алдаа, эдийн засгийн амиа хорлолт болно” гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!