Телеграм мессенжэр платформын үүсгэн байгуулагч Павел Дуров 100 гаруй хүүхдийн эцэг бөгөөд тэдэнд өөрийн $13.9 тэрбумын хөрөнгийг хувааж өвлүүлэх хүсэлтэй явдгаа ярьжээ.
Францын “Le Point” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэр “Тэд бүгд миний хүүхдүүд бөгөөд бүгд тэгш эрхтэй байх болно. Намайг нас барсны дараа тэд хоорондоо хагаралдахыг би хүсэхгүй” гэж хэлсэн байна.
Ноён Дуров өөрийгөө гурван өөр эмэгтэйн зургаан хүүхдийн албан ёсны эцэг болохыг мэдээлжээ.
Гэхдээ “15 жилийн өмнө нэг найздаа туслах зорилгоор би эр бэлгийн эсээ хандивлаж эхэлсэн. Эмнэлгээс надад дэлхийн 12 улсад 100 гаруй хүүхэд миний хандивын эсээр төрсөн тухай мэдээлсэн” гэж тэр ярьсан байна.
ОХУ-ын уугуул 40 настай Дуров одоо Франц улсын иргэн болж, тус улсад амьдардаг юм.
Түүний үүсгэн байгуулсан Телеграм платформ хувийн мэдээллийн өндөр нууцлалаараа танигдсан бөгөөд сар тутмын идэвхтэй хэрэглэгчийн тоо нь нэг тэрбум давсан байдаг.
Дуровын хүүхдүүд эхний 30 жилийн хугацаанд өвлөсөн хөрөнгөө ашиглах боломжгүй байх гэнэ.
“Би тэднийг жирийн хүмүүс шиг амьдарч, өөрийн амьдралаа босгож, өөртөө итгэлтэй болж, банкны данснаас хамааралгүй хүн болоосой гэж хүсэж байна” гэж тэр ярьжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!