Уншиж байна ...

ХЭҮК: С.Шаарийбууд Малайзаас олгох нөхөн төлбөрийн тусгай данс нээгдсэн. ХЭҮК-оос шаардлагатай бол шүүх хуралд нь оролцоно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Одоогоос 19 жилийн өмнө Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбууд Малайзын засгийн газраас нөхөн төлбөр олгох асуудал ямар үе шаттай явж байгаа талаар сэтгүүлчдийн асуултад Хүний эрхийн үндэсний комиссоос дараах хариултыг өгөв. 

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид "ХЭҮК Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтраад Малайз улсын Хүний эрхийн үндэсний комисстой уулзалт хийж, Монгол дахь болон Малайз дахь өмгөөлөгч нартай нь холбогдсон. 

Яриа хэлэлцээг идэвхжүүлсний үр дүнд тодорхой ахиц гарсан. Анхан шатны шүүхээс тодорхой мөнгөн дүн төлөх ёстой гэж гарсан. Тусгай баталгаажуулах данс нээгдсэн байгаа. Тэр хэмжээгээр нь дансанд нь битүүмжлэгдсэн. Одоогоор захиран зарцуулах эрх байхгүй. Шүүх хурал товлогдсон байна. 

Өмнө нь бүх юм тодорхойгүй байсан. Малайзын засгийн газраас оногдуулсан нөхөн төлбөрийг нь өгөхгүй гэж давж заалдсан байсан юм. ХЭҮК-оос шаардлагатай бол шүүх хуралд нь оролцоно. Одоогоор өмгөөлөгч нартай нь санал солилцоод явж байна. 

Монгол Улсын иргэний амь нас хохирчихсон байхад Монгол Улсын Засгийн газар хяналтаа тавиад үүргээ биелүүлэх ёстой. Бид эрхийг нь сэргээхийн төлөө ажиллах хэрэгтэй" гэв.