“Тээвэр хөгжлийн банк” нь БНХАУ-ын хил дамнасан юанийн төлбөр тооцооны систем болох (CIPS)-д "Шууд оролцогч"-оор элссэн Монгол улсын төдийгүй төв Ази дахь анхны арилжааны банк боллоо. Ингэснээр тус банк нь Монгол улсаас юанийн төлбөр тооцоог дэлхийн хаана ч найдвартай, түргэн шуурхай, бодит цагийн горимд /Real-time Gross Settlement/ гүйцэтгэх боломжийг харилцагчдадаа бүрдүүлжээ.
БНХАУ нь олон улсын зах зээлд юанийн хэрэглээг нэмэгдүүлэх, эргэлтийг хурдасгах, төлбөр тооцоогоо найдвартай гүйцэтгэх зорилгоор 2015 онд “Хил дамнасан юанийн төлбөр тооцооны үндэсний систем” (CIPS)-ийг нэвтрүүлсэн байдаг.
“Тээвэр хөгжлийн банк” нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг үзүүлэгч, санхүүгийн тогтвортой түнш банк байхын сацуу олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа улам бүр нэмэгдүүлэхийг зорин ажилладаг. Энэхүү стратегийн хүрээнд банк нь олон улсын томоохон төлбөрийн системүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, хамтын үнэ цэнийг эрхэмлэн ажиллаж байна.
Тус банк нь санхүүгийн чадавхаа өндөр түвшинд бэхжүүлж, олон улсын банк санхүүгийн байгууллагын стандарт, зохицуулагч байгууллагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг бүрэн хангаж ажилласныг CIPS системд шууд оролцогчоор элсүүлсэн нь илүү бататгаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!