Уншиж байна ...
Зураг

Г. Намчинсүрэн: Хаврын чуулганд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барина

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 2 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас “Нэн-чухал ашигт малтмал ба Монгол Улсын шилжилтэд нөлөөлөх чухал шийдвэрүүд” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.  

Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэх зорилттой байгаагаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам долоон төслийг нь хариуцан ажиллаж байгаа юм. Тэдгээр төслөөс одоогийн байдлаар нь хоёрынх нь гэрээ үзэглэгдээд байгаа билээ. 

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газрын дарга Г. Намчинсүрэн "Францын "Орона Майнинг" компанитай хамтран хэрэгжүүлж байгаа "Бадрах энержи" компанийн Зөөвч-Овоо, Дулаан Уул ордын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаад байна. Энэ төсөл цаашдаа хувь нийлүүлэгчдийн гэрээ болон орд ашиглах гэрээг шинэчилснээр үргэлжилж, бүтээн байгуулалтын ажил 2028 онд дуусна. 

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын ерөнхий сайд Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замын засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зураад байна. 

Үлдсэн таван төсөл нь боловсруулах, аж үйлдвэрлэлтийн чиглэлийн төслүүд байгаа юм" гэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн талаар "Ажлын хэсэг байгуулагдсан. УИХ дахь ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор АҮЭБЯ дээр дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэ хаврын чуулга дээр хуулийн төслөө боловсруулаад УИХ-д өргөн барих зорилттой ажиллаж байна. 

Одоогийн байгаа эрхзүйн орчноор сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож байна. Энэ хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журмаа батлуулаад Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн байгаа. 

Одоогийн зарлаад буй талбай нь 50 орчим хувьд нь тусгай зөвшөөрөл олгоно. Үлдсэн хувьд нь сонирхогч орж ирэхгүй байгаа тохиолдлууд байгаа учир энэ асуудал дээр дүгнэлт хийгээд ажиллаж байна" гэв.