Цар тахлын үед сурагчдад цахимаар суралцах боломжийг олгох зорилгоор Мобиком Корпораци ХХК-иас санаачлан хэрэгжүүлсэн “Smart Education” төсөл өдгөө дөрөв дэх жилдээ үргэлжилж, нийт 14 сургуулийн 27,000 сурагчид хүрч, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
2024 онд Баян-Өлгий, Сэлэнгэ, Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотын нийт зургаан сургуулийн 12,000 гаруй сурагч өндөр хурдны интернэт, зөөврийн компьютер, VR төхөөрөмж, интерактив хичээл зэрэг технологийн дэвшлийг шингээсэн иж бүрэн дижитал танхимд хичээллэхээр боллоо.
“Smart Education IV” төслийн нээлтийн хүрээнд 2024 оны аравдугаар сарын 25-нд TEDxUlaanbaatar-тай хамтран “SMART” эвентийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Ахлах ангийн сурагчдад зориулсан энэхүү арга хэмжээнд кино найруулагч П.Золжаргал, продюсер О.Баярсайхан, дугуйтай аялагч Б.Очирваань, “Тесла” компанийн дата инженер Э.Жавхлан зэрэг салбартаа тэргүүлж, өөрчлөлт эхлүүлсэн залуус оролцож өөрсдийн түүх, туршлагаа хуваалцахаас гадна ирээдүйн карьер, мэргэжил сонголтын талаарх шинэ, сонирхолтой мэдээллүүдийг өгч, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Мөн “Smart Education” төсөлд хамрагдсан Хөвсгөл, Дундговь, Булган аймгийн сурагчдын өдөр тутмын амьдралыг харуулсан баримтат гэрэл зургийн интерактив үзэсгэлэн, төслийн үр шимийг хүртсэн хүүхдүүдийн талархлын захидалтай танилцах боломжтой.
“Smart Education IV” төслийн онцлог нь сурагчдад зориулсан менторшип хөтөлбөр юм. Ур чадвараа хөгжүүлэх, ирээдүйн зорилгоо тодорхойлох, өөрийгөө хөгжүүлэх боломжийг 10-11-р ангийн сурагчдад олгох зорилготой энэхүү хөтөлбөрөөр сонгогдсон сургуулиудын сурагчид салбар бүрийн шилдэг 10 ментортой таван сарын турш хамтран ажиллаж, тэдний туршлага, үнэт зүйлсээс суралцах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!