Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татав

Б.Манлай
2024 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол дөрөв, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд тав, сураггүй алга болсон хүн 30, шүүхээс даалгасан хүн 9, зөрчил үйлдсэн хоёр хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий этгээдүүд 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр хоёр иргэнд мөрийтэй тоглоомын сайтад мөнгө өгч тоглуулан улмаар мөнгөө алдсан гэх шалтгаанаар Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчих эрхийг нь хязгаарлаж, бие махбодод нь хүч хэрэглэн, хүнийг хууль бусаар хорих зэргээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Нэр бүхий этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргэсэн байна.

Мөн цахим хэрэгсэл ашиглан 2024 оны нэгдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө удаа дараа үргэлжилсэн үйлдлээр амь насанд заналхийлсэн агуулга бүхий зурвасыг илгээж, бусдыг заналхийлсэн “Н”-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Эрүүгийн хуулиас

17.6 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх

1.Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.5 дугаар зүйл.Заналхийлэх

1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.