Нийслэлийн төв цэгээс 1.5 км зайд байрлах хүн ам шигүү суурьшсан 100 айлд гэр бүлийн зориулалттай газар дээр эрсдэл өндөртэй шатамхай барилгын материалын агуулахууд, орчныг бохирдуулдаг барилгын материалын үйлдвэрүүд ажиллаж байгаа нь Үндсэн хууль, Газрын тухай хууль, Гаалийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль зэрэг олон хууль дүрмийг зөрчиж байна.
Эдгээр хууль зөрчигчдийн дийлэнх нь Хятад эзэнтэй худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид байна. 100 айл нь замын түгжрэл, орчны бохирдол, иргэдийн ая тухтай аюулгүй амьдрах болон суралцах эрхийг зөрчсөөр ирсэн гэж үзэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2018 оны нэгдүгээр сарын 24-ний хурлаар нүүлгэх шийдвэр гарсан ч одоог болтол ажилласаар даруй 6 жилийн нүүрийг үзлээ.
Тус захад Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс болон холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 320 иргэн аж ахуйн нэгж байгаа гэсэн ерөнхий судалгаа байдаг.
Хамгийн аюултай нь энэ хэсэгт Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Арьс өвчин судлалын үндэсний төв зэрэг төрийн үйлчилгээ үзүүлдэг 5 эрүүл мэндийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг хоёр сургууль, нэг цэцэрлэг бий. Тиймээс эрүүл мэндээ эмчлүүлж буй өвчтөнүүд, сурагч, бага насны хүүхдүүд, тэнд оршин сууж буй иргэд энэхүү орчны нөлөөнд эрүүл мэндээрээ хохирч байна.
Өвчин тусаад шаналж буй хүмүүс Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэнийхээ төлөө 100 айл орчмын тоосжилт, барилгын материалын хорд хордож, эрүүл болох биш улам өвчилж байгаа. Тэр ч битгий хэл энд барилгын материалын зах үүссэнээс хойш замын түгжрэл дээд цэгтээ хүрч, түргэн тусламжийн машин эмнэлэг хүрэх замдаа бөглөөнд цаг гаруй зогссоноос болж хүүхэд хүртэл нас барж байлаа.
100 айлыг хэзээ нүүлгэх талаар холбогдох албаны хүнээс тодруулахад, “Нийслэлийн төвлөрлийг бууруулах, түгжрэлийг арилгах бодлогын хүрээнд 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийн саналыг харгалзан Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк, шинээр ашиглалтад орж байгаа шинэ барилгын зах болон Сонсголонгийн “Барилгачин зах” руу шат дараатай нүүлгэхээр төлөвлөж байна” гэлээ.
Эх сурвалж: Zaluu.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!