Apple компанийн хувьцааны ханш өчигдөр 2.3 хувиар өссөн нь долоо хоногийн өмнө танилцуулсан iPhone 15 гар утасны урьдчилсан захиалгын эрэлт нийлүүлэлтээсээ давсан тухай мэдээ цацагдсантай холбоотой байв.
Шинэ загварын iPhone-ий урьдчилсан захиалга өнгөрсөн Баасан гарагт эхэлсэн бөгөөд энэ долоо хоногийн Баасан гарагт худалдаанд гарах юм.
Wedbrush зах зээлийн судалгааны компанийн шинжээч Дэн Айвзын дүгнэлтээр энэ жилийн iPhone-ий урьдчилсан захиалгын хэмжээ өмнөх оны iPhone 14 загварынхтай харьцуулахад 10-12 хувиар давсан байна.
Эрэлт өндөр байгаагаас iPhone 15 Pro/Pro Max загваруудын нийлүүлэгдэх хугацаа аравдугаар сарын сүүлээс арваннэгдүгээр сарын эх хүртэл хойшлогдохоор байгааг Айвз мэдээлжээ.
АНУ-аас гадна Энэтхэг, Хятад, Европын зарим улсуудын зах зээлд урьдчилсан захиалгын эрэлт өндөр байгааг дүгнэлтдээ дурдсан байна.
Онлайн худалдааны захиалгын хүргэгдэх хугацаа зарим зах зээлүүдэд олон хоногоор хойшилж байгаа нь эрэлт нийлүүлэлтээс давсны шинж тэмдэг болохыг Голдмэн Сакс банкны шинжээчид өчигдөр бас мэдээлжээ.
Ялангуяа ягаан өнгийн iPhone 15 загварын эрэлт өндөр байгааг тэд онцолсон байна.
Өндөр эрэлтээс гадна Verizon, AT&T зэрэг операторуудын хүчтэй сурталчилгаа, борлуулалтын үр дүнд Apple компани эхний ээлжид 85-90 сая ширхэг iPhone 15 зарах боломжтой гэж Айвз тооцоолжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!