Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Эрэгтэй хүн та УЙЛАХ эрхтэй

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, шийдвэрлэх арга зам” сэдвийн хүрээнд Анагаах Ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Л.Насанцэнгэл дараах зөвлөгөөг өгч байна. 

Амьдралынхаа туршид дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж байдаг. Хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэг.

Тиймээс ч эрүүл амьдрах хамгийн чухал хүчин зүйл бол сэтгэц эрүүл байх тухай ойлголт гэдгийг тэрбээр ярианыхаа эхэнд хэллээ. 

"Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд" аяны хүрээнд түүний өгсөн зөвлөгөө, мэдээллийг хүргэе. 


Монгол эрчүүд эмэгтэйчүүдээс дунджаар 9.42 жилээр богино насалдаг. Гэтэл бусад улс орнуудад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нас дөрвөн жилийн зөрүүтэй байна.

Эрэгтэйчүүд эрт нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах, эдийн засгийн хохиролд орох, халдварт өвчинд өртөх гол шалтгаан нь:

  • Тамхи
  • Архи
  • Мансууруулах болон сэтгэц идэвхт эм, бодисын хэрэглээтэй холбоотой байна. 

Түүнчлэн эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлага үүсэж байгаа. Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаанаас харвал

  1. Найман эрэгтэй тутмын нэг нь сэтгэл гутралаар өвдөж,
  2. Таван эрэгтэй тутмын нэг нь сэтгэл түгшлээр өвдсөн талаарх мэдээлэл бий.

Мөн КОВИД-19-ийн халдвар эрчүүдийн стрессийг 77 хувь нэмэгдүүлсэн.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс монгол эрчүүдийн тамхины хэрэглээний судалгааг хийсэн байдаг. Энэхүү судалгаанаас харахад 15-69 насны хүн амын 24.2 хувь нь, үүнээс эрэгтэйчүүдийн 43.7 хувь нь тамхи татдаг. 

Өөрөөр хэлбэл хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн үг.

Монгол эрчүүд дунджаар 18 насандаа тамхи татаж эхэлдэг. Харин тамхи татсан дундаж хугацаа нь 20.2 жил байна. 

Дэлхийн хэмжээнд минут тутамд архины улмаас зургаан хүн хорвоог орхиж, жилд гурван сая хүн нас барж байгаа талаарх судалгаа бий. Архи хэрэглэж буй дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэйчүүд байгаа.

СЭМҮТ-д 2019 онд хийгдсэн тархалтын судалгаагаар архинд донтох эмгэг эрэгтэйчүүдийн дунд 6.2 хувьтай байгаа бол сэтгэл гутрал зургаан хувьтай байсан.

15-29 насныхны нас баралтын хоёр дахь шалтгаан нь амиа хорлолт болж байна. Амиа хорлолтын тэргүүлэх шалтгаан нь сэтгэл гутралтай холбоотой.

Монгол Улсад 2019 онд нийт 577 хүн амиа хорлосон байгаагийн 489 нь эрэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдээс дөрөв дахин их байгаа юм.

Түүнчлэн хөвгүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг дурдахгүй байж болохгүй.

СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникт 2015-2019 оны хооронд цахим тоглоомд донтох эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн 192 хүүхдийн 96.4 хувь нь эрэгтэй хүүхэд байв.

Хүчирхийлэлд өртсөн хохирогчдын 84 хувь нь эрэгтэй хүүхэд байсан. Мөн хүчирхийлэл үйлдэгчийн дийлэнх нь эрэгтэй хүүхэд байна гэсэн тоо бий. 

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай бол эмч, мэргэжилтэнд цаг алдалгүй хандахыг зөвлөе.

Эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлийн 55 хувь нь хувь хүний зан үйлээс шууд шалтгаалдаг гэж үзэж байгаа.

Иймд эрүүл явна гэдэг нь эргээд бодоход хувь хүний зан үйлээс, амьдралын хэвшлээс 55 хувь шалтгаалдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас эрүүл зан үйл төлөвшүүлэхэд анхаарах ёстой.

Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа зарим сэтгэл зүй, харилцааны хүчин зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэй.

  1. Эрэгтэй хүүхдийг үл хайхрах, ялгаварлан өсгөх хүмүүжлийн арга
  2. Эмэгтэй хүүхдэд илүү боловсрол олгох хэрэгтэй гэсэн гэр бүлийн хандлага
  3. Эрэгтэй учир уйлахгүй, хүч чадалтай байх ёстой гэсэн уламжлалт үзлээс болж тэдний мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хаах
  4. Дээрх хүчин зүйлээс улбаатайгаар эрчүүд нээлттэй харилцдаггүй
  5. Сэтгэл хөдлөл, мэдрэмжийн илэрхийлэл сул
  6. Мэдрэмжээ илэрхийлэх нь сул доройн шинж гэсэн буруу ойлголттой
  7. Сул дорой байдлаа харуулахгүй, хүчтэй байх гэсэн хүслээс болж мэдрэмж, өөрт буй шинж тэмдгээ багасгаж, бууруулж хэлэх талтай
  8. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ханддаггүй
  9. Найз нөхөд, гэр бүлтэйгээ ярилцах, тусламж хүсэхээс татгалздаг
  10. Стресс тайлах ур чадвар эзэмшээгүйгээс хүчирхийллийн аргаар асуудлыг шийдвэрлэх, гэмт хэрэгт холбогдох зэргээр улам стресст өртөх магадлалтай.

СЭМҮТ-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх 1800-2000 утсанд 2021 онд нийт 9,646 дуудлага ирснээс мансууралтай холбоотой асуудлаар 69, архины хэрэглээтэй холбоотой асуудлаар 1,063 хүн холбогдож мэдээлэл авсныг Анагаах Ухааны доктор Л.Насанцэнгэл хэллээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/312834764651822