Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Обрушански Борбала болон тус улсаас хүрэлцэн ирсэн кино багийн хамт олонтой уулзлаа.
Уг кино баг нь Монголын талаар түүхэн, баримтат кино хийхээр манай улсад хүрэлцэн ирээд буй юм.
Тодруулбал, Унгар Улсын Үндэсний телевизийн уран бүтээлчид болох продюсер Каломишта Мартон, кино зохиолч Баиер Жолт, зураглаач Крүлик Марцэл болон туслах найруулагч Э.Тулгаа нар нь Монгол Улсын түүх, соёл, зан заншлын тухай баримтат, 14 анги бүхий кино бүтээж, Унгарын болон Монголын үндэсний телевизээр олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж буй юм.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд тэд говиос эхлэн алтайн нутаг хүртэл аялж, 8,000 км замыг туулан кино зургаа авчээ.
Кино багийн продюсер Каломишта Мартон “Монголын талаар баримтат кино хийхийг олон жил хүссэн. Засгийн газартаа киноныхоо санааг танилцуулахад тэр даруй зөвшөөрсөн. Учир нь манай улсын баримталж буй бодлоготой энэ ажил уялдаж байгаа юм. Киноны маань амин сүнс бол Монгол Улсын соёл урлаг, ёс заншил, үзэсгэлэнт байгаль. Мөн бидний киноноос Монгол болон Унгар Улсын соёлын ижил тал, нийтлэг шинж харагдана гэж бодож байна” гэсэн юм.
Түүхийг урлагийн бүтээл болгон мөнхлөх нь хойч үедээ үзүүлэх томоохон хувь нэмэр гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө онцолж, тулгамдаж буй асуудалд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!