Монголын бүлэг жуулчин БНСУ-ын Яньян нисэх буудлаар дамжин 15 хоног визгүй зорчих журмыг сунгасныг мэдэгдлээ
Монгол Улсын бүлэг жуулчдыг Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног БНСУ-д визгүй зорчих шийдвэр өнгөрсөн онд Засгийн газраас гарч байв.
Уг шийдвэр нь 2022 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байсныг сунгажээ.
Энэ талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас “БНСУ-ын Яньян олон улсын нисэх буудлаар дамжин багаар аялах жуулчдыг визгүй нэвтрүүлэх журам”-ыг 2023 оны зургаадугаар сарын 1-нээс 2024 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэг жилээр сунгасан" болохыг мэдэгдлээ.
Гэхдээ Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-аас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах нөхцөлтэй юм.
Яньян нисэх онгоцны буудлаар визгүй нэвтрүүлэх аялал зохион байгуулахаар 10 компани шалгарсан билээ.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд Яньян нисэх буудлаар дамжин 15 хоног визгүй зорчих нөхцөлөөр эхний 141 монгол иргэн БНСУ-ыг зорьж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
