Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 1-нээс үргэлжилнэ хэмээн Хотын инженерийн байгууламжийн хэлтсээс мэдээлж байв. Харин шинэ байгууламжтай болсноор Улаанбаатарт өмхий үнэр гарахгүй байх эсэх, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн технологийн инженер Б.Анхбатаас тодрууллаа.
- Цэвэрлэх байгууламжийн барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн үү, ажлын явц хэдэн хувьтай байгаа вэ?
- Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын бэлтгэл ажил 2023 оны гуравдугаар сарын 28-наас эхэлсэн. Үндсэн 17 барилгыг угсрах ажил 67%-тай хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын талбай дээр нийт 426 хүн ажиллаж байгаагийн 200 орчим нь хятад ажилчин. Үлдсэн нь монголчууд.
Энэ жил барилга угсралтын ажлыг 85%-д хүргэж, дуусгах төлөвлөгөөтэй. Ирэх жил тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, тохируулах, турших ажлууд хийгдэнэ. Ингээд шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг 2024 оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна. Ямар нэг саад гарахгүй бол хугацаандаа ашиглалтад орно.
Өнгөрсөн жилүүдийн хувьд цар тахлаас шалтгаалаад ажиллах хүчний хомсдолд орж, бараа материалын татан авалт гацаж, ашиглалтад орох цаг хугацаанаас хойш татсан. Мөн тээврийн өртөг, цемент, арматурын үнэ өссөн нь төслийн үйл ажиллагаанд нөлөөллөө.
Энэ жилийн хувьд хил нээгдэж, бараа материалын татан авалт, барилгын бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж байна. Санхүүжилт гүйцэтгэлээр тооцогддог. Гэхдээ ханшийн зөрүүгээс шалтгаалсан санхүүжилтийн асуудал гарч байна.
- Шинэ цэвэрлэх байгууламж нь хэдэн объекттой байх бол?
- Төслийн хүрээнд нийт 33 объект баригдана. Харуулын байр, дулаан хуваарилах, үнэргүй болгох систем, цахилгааны дэд станц, гарааш, агуулах, захиргааны гээд барилгууд бий.
Технологитой холбоотой 25 барилга байна.
- Технологийн хувьд өмхий үнэр гарахгүй байх уу, ямар онцлогтой вэ?
- Одоо баригдаж байгаа цэвэрлэх байгууламж нь битүү. Өөрөөр хэлбэл, ашиглалтад орсны дараа өмхий үнэр гарахгүй.
Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй байна. Манайд тусгайлан зориулж тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой. Азидаа эхний 10-т орох томоохон байгууламж.
Байгууламжийн тоног төхөөрөмж Герман, Швед, Япон зэрэг улсаас нийлүүлэгдэнэ. Зарим тоног төхөөрөмж Хятадад байдаг хамтарсан үйлдвэрээс ирнэ. Тухайлбал, насос гэхэд атомын цахилгаан станцын насос үйлдвэрлэдэг үйлдвэрүүдээс авна. Хамгийн сайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сонгож байгаа.
Шинэ цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хоногт 250,000 метр куб бохир ус хүлээн авч цэвэрлэнэ. Одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламж хоногт 180,000 орчим метр куб бохир ус цэвэрлэдэг. Хүн амын тоогоор нь авч үзвэл, нэг сая орчим хүнд тохирсон хүчин чадалтай. ААН, үйлдвэрийн бохирыг тооцоололд оруулсан.
Технологийн хувьд механик болон биологийн цэвэрлэгээтэй, лагийн бүрэн боловсруулалт хийгдэнэ. Лагийн бүрэн боловсруулалт гэдэг нь лагийн тодорхой хэсгийг эсгээд хий гарган шатааж өөрийн дотоодын дулаан, цахилгаанаа хангах ашигт үйлийн коэффициент өндөртэй байгууламж гэж ойлгож болно.
Гэхдээ үйлдвэрүүдийн урьдчилан цэвэрлээгүй ус буюу стандарт хангаагүй өндөр бохирдолтой ус нийлүүлэгдвэл цэвэрлэх байгууламж ажиллахгүй. Учир нь үйлдвэрийн хэт өндөр бохирдолтой ус нийлүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд үс ноос байвал цэвэрлэх, бүх хогоо бохиртоо хийхгүй, ангилах стандартаа барих хэрэгтэй, бүх хогоо 00 руугаа хийхгүй байхыг хичээнэ гэсэн үг.
Бусад улсад үйлдвэрүүд хэт бохирдолтой ус цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл шууд хааж, торгууль ногдуулдаг туршлага байдаг.
Одоо гарч байгаа өмхий үнэрийг арилгах ажлыг Ус Сувгийн Удирдах Газар хариуцдаг. Бохирыг дөрвөн жил байгалийн аргаар хатаадаг байсныг өдөрт нь хатаадаг болгосон байсан. Хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас хэд дахин их бохир нийлүүлэгдэхээр цэвэрлэж чадахгүй байгаагаас өмхий үнэртэж байгаа байх.
Цэвэрлэх байгууламж нь нэг хүнээс гарах бохирдлыг тооцоолоод цэвэрлэдэг стандарттай. Дэлхийн бүх улсад ингэж тооцоолдог.
Манай улсад мах, ноос боловсруулах үйлдвэрүүд, эмнэлгүүд бохироо урьдчилсан цэвэрлэх байгууламжтай байх ёстой. Одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламж ахуйн зориулалттай. Тиймээс эко үйлдвэр байхын тулд заавал бохироо урьдчилсан цэвэрлэх байгууламжийг хийх хэрэгтэй. Энэ стандартыг мөрдөх нь сул байна.
- Байгууламжийн төслийн нийт өртөг нь хэд вэ?
- Төслийн нийт өртөг 262.7 сая ам.доллар. БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдана. 262.7 сая ам.долларын 95%-ийг Хятадын зээлээс үлдсэн 5%-ийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа.
Байгууламжийн бүтээн байгуулалтыг БНХАУ-ын "Төмөр зам IV анги" гүйцэтгэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!