Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Солонгос Улсаас /БНСУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа.
Шинээр томилогдсон Элчин сайдтай танилцах уулзалтын үеэр талууд Улаанбаатар болон Сөүл хотын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын ажлын талаар санал солилцжээ.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү нь энэ оны нэгдүгээр сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид Жуух бичгээ өргөн барьсан билээ.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон танд баяр хүргэж, амжилт хүсье. БНСУ-ын Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэн. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий гуравдагч хөрш болох БНСУ-тай хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд таатай байх болно" хэмээлээ.
Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар тэрбээр танилцуулж, тэдгээрийг төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг онцолсон юм.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү "Түгжрэл, төвлөрөл бол аль ч улсын нийслэлд тулгамдаж байдаг томоохон асуудал. Иймд манай улсад нэвтрээд буй технологи, инновацыг Монгол Улсад, Улаанбаатар хотод нутагшуулахад дэмжин ажиллах болно. Түүнчлэн KOICA зэрэг байгууллагын Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжихэд анхаарч ажиллан, тусламж үзүүлэхийг хүсэж байна" гэсэн юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!