Иргэдийг төлөөлөхөөр сонгогдсон Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүдийн ирц болон хууль батлахад өгсөн саналын мэдээллийг ил болгуулахаар "Цогц хөгжлийн үндэсний төв"-өөс "Мэдэх эрхтэй" нөлөөллийн аяныг эхлүүлжээ.
Энэ талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгуулав.
“Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадрал "Иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрх болон мэдэх эрхийг баталгаажуулсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар өөрийн сонгосон төлөөлөгчөө УИХ-ын чуулган дээр ямар санал өгч байгааг мэдэх бүрэн эрхтэй.
Энэхүү мэдээллийг ил болгосноор УИХ-д тавих иргэдийн хяналт, өөрийг нь төлөөлөн ажиллаж буй гишүүдийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх боломжтой болно. Өмнө нь энэ мэдээллүүдийг ил болгохоор УИХ-ын Тамгын газарт хоёр удаа гомдол, дөрвөн удаа хүсэлт өгсөн. Гэвч гаргаж өгөхгүй байсан тул Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан ч хүлээж аваагүй. Иймд давж заалдан, УИХ-ын Тамгын газарт энэ мэдээллийг гаргаж өгөхийг даалгах хүсэлт тавьсан ч биелээгүй байна.
Эдгээр үйл ажиллагааны эцэст, "Цогц хөгжлийн үндэсний төв" ТББ-аас олон нийтийн дэмжлэгтэйгээр нөлөөллийн ажил болгон "Мэдэх эрхтэй" аяныг эхлүүлээд хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Аяны хүрээнд бид УИХ-ын Тамгын газар болон УИХ-ын даргад хаягласан өргөдлийн загварыг гаргасан. Үүнд өөрсдийн нэр, хаяг, утасны дугаарыг бичиж, хүргүүлснээр өөрсдийн мэдэх эрхийг хангах нөлөөллийн аянд нэгдэж байна гэсэн үг. Энэ хугацаанд 100 гаруй өргөдлийг УИХ-ын дарга болон УИХ-ын Тамгын газарт хүргүүллээ.
Мэдэх эрхийг хангах, өөрсдийг нь төлөөлж буй төлөөлөгчийг УИХ-ын танхимд хууль батлахад ямар санал өгч байгааг иргэд мэдэх эрхтэй. Уг эрхээ баталгаажуулахын тулд хамтаараа нөлөөллийн ажил зохион байгуулж байна" гэлээ.
Өчигдөр УИХ-ын Тамгын газраас аяны төлөөллийг хүлээн авч уулзан, шаардлагыг нь хүлээн авч, мэдээллийг ил болгохоор ажиллах тул аянаа өндөрлүүлэх санал тавьсан байна. Харин "Цогц хөгжлийн үндэсний төв"-өөс мэдэх эрхийг бүрэн хангасны дараа л аянаа өндөрлүүлнэ гэдгээ илэрхийлжээ.
Мөн тус төвөөс uih.mn сайтад УИХ-ын гишүүдийн чуулганд суусан ирц, намтар, хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг мэдээллийг оруулсан тухайгаа танилцуулав.
Социологич М.Энхбадрал "Иргэд хянаснаар парламент, УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүй дээшилнэ. Иргэдийг төлөөлөх чиг үүрэг нь үр дүнтэй хэрэгжинэ. Мэдээллийг бүрэн ил болох хүртэл та бүхэн аянд нэгдэж, өргөдлөө үргэлжлүүлэн өгөөрэй" хэмээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!