Монголын арилжааны банкууд Оросын төлбөр тооцооны картын Мир системийг нэвтрүүлэхэд бэлэн болсон тухай ТАСС агентлаг албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.
Пүрэв гарагт Улаанбаатар хотноо ОХУ-ын сэтгүүлчидтэй уулзахдаа Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын Яамны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од энэ тухай мэдээлсэн юм байна.
“Оросын Мир картын систем тун удахгүй Монгол улсад ажиллаж эхлэх болсныг зарлахдаа би баяртай байна. Монголын банкуудын бэлтгэл ажил 80 хувьтай байгаа. Оросын жуулчид Монголд ирээд төлбөр тооцоо хийх ямар хүндрэлтэй байдгийг бид сайн ойлгодог. Монголын аль банк Мир картыг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг хэлэхэд эрт байна. Ямартай ч энэ ажил хэрэгжиж байгаа” гэж тэр хэлжээ.
ОХУ-ын Мир картын системийг хамгийн анх 2018 онд Беларусь, Казахстан улсууд нэвтрүүлсэн юм байна. Одоогоор дэлхийн 10 улсад нэвтэрсэн Мир системийг нэвтрүүлэхэд бэлэн байгаагаа өөр 15 улс илэрхийлээд байгаа тухай ТАСС мэдээлжээ.
Эх сурвалж: ТАСС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!