Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Hakuho cup" тэмцээнээс ирээдүйн аваргууд "төрж" байна

ikon.mn
2023 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Bayarsaikhan Batjargal хаягаас авав

Миягино оякатагийн 13 дахь удаагийн “Hakuho cup 2023” Токио хотын Сүмогийн төв ордонд (Рёогокү Кокүгикан) хоёрдугаар сарын 12-нд болов. 

Япон, Монгол, Хонконг, Тайвань, АНУ, Тайланд, Украин, Австрали улсаас 920 залуу тамирчин оролцсон.  

Монгол Улсаас сонгон шалгаруулалтад тэнцсэн есөн хүүхэд, Японы дунд сургуульд сүмо бөхөөр хичээллэж буй хоёр хүүхэд амжилттай оролцсоноос

  • ганцаарчилсан төрөлд нэг алт (10 насны ангилалд барилдсан Баянхонгор аймгийн Ц.Хаш-Эрдэнэ), нэг хүрэл (11 насны ангилалд барилдсан Төв аймгийн Т.Чилүгүн),
  • багийн төрөлд нэг хүрэл медаль (Ц.Хаш-Эрдэнэ, Т.Чилүгүн, Ө.Хашмаргад, Д. Зэлмэ, Б.Энхтөгөлдөр) хүртлээ. 

Багийн төрөлд оролцсон тамирчид дундаасаа Баянхонгор аймгийн Ө.Хашмаргад ур чадварын шагналаар шагнуулав.

Тамирчин хүүхдүүдийг Г.Наранбат, Б.Батжаргал багш нар удирдан ирсэн бөгөөд ээж, аав нар нь тэмцээнийг Монголын гэртээ YouTube-ээр шууд хүлээн авсан байна.

Алтан медаль хүртсэн Баянхонгорын хүү Хаш-Эрдэний малчин аав нь "Сандрахын дээдээр сандарч гэртээ байгаа хүүгийнхээ дээлийн захыг нь мушгиж суулаа", ээж нь "Уйлж инээхийн завсар хүүгийнхээ барилдааныг үзлээ" гэв. 

Ийнхүү ирээдүйн аварга төрцгөөж байна.

Миягино ояката буюу Хакүхо их аварга маань сүмо бөхөөр гарамгай сайн барилдаж байхдаа үнэлж баршгүй их өвийг бүрдүүлж чадсан хүн юм. Үүнтэй адил 2010 оноос хойш жил бүр зохиогдож буй "Hakuho cup" үнэхээр гайхалтай тэмцээн.

Бага насандаа тус тэмцээнд сайн амжилт үзүүлж, өсөж торниод сүмо бөхийн ертөнцөд амжилт гаргах хүүхдүүдийн тоо ийнхүү өсөн нэмэгдсээр байна.

 

 Канако Ониши